Бейрутад болсон дэлбэрэлт 70 гаруй хүний аминд хүрчээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-05 07:23:31

МОСКВА. /TASS/. Ливаны нийслэл Бейрут хотын боомтод 4.5 магнитудын газар хөдлөлттэй тэнцэхүйц хэмжээний доргилтыг үүсгэсэн хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 78 хүн амь үрэгдэж, 3.7 мянган хүн шархаджээ. Амь үрэгдсэн хүний тоо огцом нэмэгдэж магадгүй гэж эмч нар үзэж байна. Ливаны Ерөнхий сайд Хасан Диаб болсон хэргийг "Ливаны гамшиг" хэмээн нэрлэж, найрсаг харилцаатай байдаг бүх орнуудаас тусламж хүсэн ханджээ. 


Дэлбэрэлт болсны улмаас Ливаны Катаиб намын ерөнхий нарийн бичгийн дарга Низар Нажарян амь үрэгдэж, Ливаны Ерөнхий сайд Хасан Диабын гэргий болон охин нь шархаджээ. Түүнчлэн Казахстанаас Бейрут хотод суугаа элчин  сайд, Ливан дахь НҮБ-ын түр хүчний командлалын хэд хэдэн ажилтан, Бельгийн Элчин сайдын яамны ажилтнууд шархадсан байна. 


Дэлбэрэлт хотын орон сууцны хорооллуудыг доргиож, боомтоос холгүй байрладаг хэд хэдэн байгууламжийн гадна фасад нуран унаж, байшин барилга, ажлын байрнууд сүйджээ. Хэд хэдэн элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт материалын хохирол учирсан байна. 



Холбоотой мэдээ