Гагнуур хийж байх үед хүчтэй дэлбэрэлт болжээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-05 09:18:24

КАИР. /ТАСС/. Гагнуурын ажил хийж байх явцад Бейрут хотын боомтын агуулахад хадгалагдаж байсан 2700 аммонийн нитрат дэлбэрсэн гэж Ливаны телевизийн LBC international суваг мэдээлсэн байна.

Хулгайч нарыг нэвтрүүлэхгүйн тулд агуулахын хананд үүссэн ан цав, нүх сүвийг бөглөхөөр гагнуурын ажил хийж байх үед агуулахад хадгалагдаж байсан 2700 тонн аммонийн нитрат гэдэг бодис дэлбэрсэн тухай хүчний байгууллагуудын хийсэн дүгнэлтийг дээрх сувгийн мэдээлэлд дурдсан байна.   

Хэдэн жилийн өмнө хууль бусаар хил давуулан наймаалах /контрбанд/ гэж байсан аммонийн нитратыг нэгэн хөлөг онгоцноос хурааж авсан бөгөөд устгал хийхээр боомтын агуулахад хадгалж байжээ. Аммонийн нитрат нь тэсрэх бодис болон азотын бордооны найрлагад ордог байна.

Бейрут хот дахь сурвалжлагч Д.Зеленин Ливаны нийслэл дэх эх сурвалжуудын ярьсныг иш татан мэдээлснээр, тэсрэх аюултай ачааг 2015 онд Молдавын хөлөг онгоцноос хураан авчээ.

Уг дэлбэрэлт 4,5 баллын хүчтэй газар хөдлөлттэй зүйрлэхүйц хэмжээний доргилт үүсгэсэн гэж Иорданийн сейсмологичид /газар хөдлөл судлаачид/ мэдээлсэн бол дэлбэрэлтээс үүссэн том үүл, тоос шороо Сирийн Дамаск хотод хүрсэн байна.  

Дэлбэрэлтийн улмаас 50 хүн амиа алдаж, 3 мянга гаруй хүн шархаджээ. Дэлбэрэлтийн долгионд цохигдон олон арван байшин нуран сүйдэж, Бейрутын бусад дүүрэг дэх барилгуудын цонх хагарчээ. Дэлбэрэлтээс амьд үлдсэн хүмүүс болон амь үрэгдэгсдийн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ливан улсад 4 хоногийн гашуудал зарлажээ. 

Холбоотой мэдээ