Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар Н.Ууганбаярыг томиллоо

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-08-06 18:51:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын /2020.08.05/ ээлжит хуралдаанаар Нэргүйн Ууганбаярыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар томиллоо. Тус газрын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн дэд даргаар ажиллах ажээ.


Засгийн газрын тогтоолыг ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмар танилцуулж, Гадаадын иргэн, харьяатын газрын тамга, тэмдгийг Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Д.Мөрөн гардуулан өгч, ажлын амжилт хүсэв. 


Хурандаа Н.Ууганбаяр нь Цагдаагийн дээд сургуулийг 1997 онд төгссөн. Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст Тасгийн дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасаг, хэлтсийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байгаад 2012-2014 онд Эрүүгийн цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байжээ. 


АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн. Мөн АНУ-ын Фениксийн их сургуульд магистр хамгаалсан. Итали, Австрали улсуудад Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн байна. 

Холбоотой мэдээ