Г.Ёндон: Инженерүүдийнхээ оюуны бүтээлийг өргөнөөр нэвтрүүлэх цаг болсон

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-05 19:03:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануурын нүүрсний уурхайн үндсэн үйлдвэрлэлийн нийт тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусаад байна. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон тус уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэр “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэллээ. 

Дэд бүтцийн шинэчлэлийн хувьд Ус шүүрүүлэх байгууламжийн техникийн шинэчлэл 100 хувь хийгдэн ашиглалтад оржээ. Хөрөнгө оруулалтын хэмжээ 6.2 тэрбум төгрөг болсон байна. Мөн 110/6 КВ-ын уулын станцыг шинээр барих төслийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй, нийт хөрөнгө оруулалт 5.5 тэрбум төгрөг болжээ. Уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 45 орчим хувьтай байна.



Багануурын уурхайн техникийн 63 хувь нь ашиглах хугацаа дуусчээ


Тус уурхайгаас Эрчим хүчний зохицуулах хороонд үнэ нэмэгдүүлэх саналаа хүргүүлжээ. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол орлого 5.9 тэрбум төгрөгөөр буурах тооцоолол гараад байгаа аж. Гол хүндрэл нь хөрөнгө оруулалтыг зээлээр шийдэж байгаа учраас өр төлбөр нэмэгдсээр байгааг гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэллээ.

УУХҮ-ийн сайд Г.Ёндон, “Багануурын уурхайн өртөг зардлыг бууруулахын тулд ажлын цаг ашиглалтыг сайжруулж, техникийн ашиглалт ажиллагааны түвшинг өндөрсгөхөд анхаарах хэрэгтэй.  Мөн инженерүүдийнхээ оюуны бүтээлийг уурхайн ажилд өргөнөөр нэвтрүүлэх цаг болсон. Зөвхөн төр, засгийн дэмжлэгийг хүлээх биш сайн менежерийн түвшинд ажиллах ёстой”-г зөвлөж, зардал хэмнэх бодит төлөвлөгөө боловсруулах хугацаатай үүрэг даалгавар өглөө.



Холбоотой мэдээ