Шинэ Дели Улаанбаатарын нислэгээр ирсэн 4 хүнийг тусгаарлажээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-08-06 12:01:41

Улаанбаатар/МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 5-нд гурван лабораторид нийт 441 шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарсан талаар мэдээлэв.

Тэрбээр “Наймдугаар сарын 5-нд Сиэтл-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн 251 зорчигч, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байгаа 53 хүн, сувилалд тусгаарлагдаж байгаа 9 хүн, тусгаарлах байр болон Халдвартын клиникт ажиллаж байгаа эмч 13 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолооч, Замын-Үүдэд тусгаарласан 86 хүн,  Дорноговь аймагт тусгаарлагдсан 1 хүнд коронавирус илрээгүй байна. Халдвартын клиникээс өнөөдөр 16 хүн эдгэрч эмнэлгээс гарч байна. Эндээс 14 нь энхнийг сахиулагч бол хоёр хүн нь долдугаар сарын 16-нд тусгай онгоцоор ирсэн иргэн байна.

Монгол Улсын хэмжээнд коронавирусний батлагдсан 293 тохиолдол байгаагаас эдгэрсэн 260 эмчлүүлж байгаа 33 хүн байна. Эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл 30 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр байна. ХӨСҮТ-д наймдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлээр ирсэн нэг иргэн ажиглалтад байгаа бөгөөд коронавирусний гурван удаагийн шинжилгээ сөрөг гарсан. Элэгний циррозтой, ээнэгшилтэй, биеийн байдал маш хүнд байгаа. Өнөөдөр Шинэ Делигээс ирсэн хүмүүсээс 4 хүнийг сэжигтэй тохиолдол гэж ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт тусгаарлаад байна” гэв. 

Холбоотой мэдээ