Хятадад хачигаар дамждаг вирус илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
nyamtulga@montsame.gov.mn
2020-08-06 12:21:15
twitter.com/Nyamkanmk

БЭЭЖИН. /Globaltimes/. БНХАУ-д хачигаар дамждаг шинэ төрлийн вирус гарчээ. Уг вирусээр 60 гаруй хүн халдварлаж, 7 хүн нас барсан байна.


Хэвлэлүүдэд мэдээлснээр, БНХАУ-ын зүүн нутгийн Зянсу мужид 37 хүн, Аньхуй мужид 23 хүн халдвар авчээ.


Зянсу мужийн нийслэл Нанжин хотын оршин суугч Ван гэгч эмэгтэй ийм халдвар авч, халуурч ханиалгах шинж тэмдэг илэрсэн байна. Үүнээс гадна түүний цусан дахь ялтасын хэмжээ, цагаан эсийн тоо буурсан байсныг эмч нар тогтоожээ. Ван сарын турш эмчилгээ хийлгэж эмнэлгээс гарсан хэдий ч уг вирусний улмаас 7 хүн нас бараад байгаа ажээ.


Вирус судлаачдын хэлснээр уг вирус яг ч шинэ виурс биш бөгөөд тэд 2011 онд вирусний өвчин үүсгэгчийг ялган авсан нь “Bunya” вирусний төрөлтэй хамааралтай болох нь тогтоогдсон байна.


Жэжян их сургуулийн харьяа эмнэлгийн эмч Шэнь Жифангийн хэлснээр, энэ вирус хүний цус эсвэл салстаар дамжин хүнээс хүнд халдах боломжтой ажээ. Гэвч вирус халдварлах гол зам нь хачиганд хазуулах тул иргэд сонор сэрэмжтэй байснаар халдвараас сэргийлэх боломжтой гэж эмч нар зөвлөжээ.


Холбоотой мэдээ