“Facebook” компани “TikTok”-той төстэй үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгджээ

Дэлхийд | Эдийн Засаг
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-06 14:00:14

МОСКВА. /NBC/. Хятадын “TikTok хавсралттай төстэй Instagram Reels” үйлчилгээг “Instagram” нийгмийн сүлжээндээ нэвтрүүлэх гэж байгаа тухайгаа “Facebook” компани мэдэгджээ.


“Богино хэмжээний дүрс бичлэг бүтээдэг “Instagram Reels” үйлчилгээгээ бид танилцуулж байна” хэмээн компанийн цахим хуудсанд мэдээлжээ.


15 секундын бичлэг хийхийн тулд камераа нээгээд доор нь гарч ирэх үйлдлүүдээс хүссэнээ сонгох боломжтой аж. Бичлэг хийхдээ янз бүрийн ая ашиглаж болохоос гадна өөрийн дуу хоолойг ч бичих боломжтой бөгөөд “TikTok-н адилаар Instagram Reels”-н бичлэгүүд нь бүх хэрэглэгчдэд нээлттэй байх ажээ. 


Дэлхийн 50 гаруй оронд “Instagram Reels” платформыг нэвтрүүлэх тухай “NBC” телевиз 7 дугаар сард мэдээлжээ. Энэ үйлчилгээг өнгөрсөн оны 11 дүгээр сард Бразилд нэвтрүүлсэн бол Герман, Франц, Энэтхэгт энэ онд нэвтрүүлжээ.


Хэрэглэгчдийн мэдээллийг Хятадын эрх баригчдад дамжуулж, суртал ухуулга хийж байна хэмээн АНУ-ын Засаг захиргаа “TikTok”-г буруутгаад байгаа юм. “TikTok”-г 9 дүгээр сарын 15-наас өмнө худалдан авах гэрээг “Microsoft” эсвэл АНУ-ын өөр нэг компани байгуулахгүй бол тус нийгмийн сүлжээг АНУ-д ашиглахыг хориглоно хэмээн Ерөнхийлөгч Дональд Трамп 8 дугаар сарын 3-нд мэдэгджээ. 

Холбоотой мэдээ