Бейрут хотод болсон жагсаал цуглааны үеэр 490 хүн бэртжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-09 10:28:10

БЕЙРУТ. /Al-Manar/. Бейрут хотод болсон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааны үеэр 490 орчим хүн бэртэж гэмтжээ. “Lebanon 24” телевизийн мэдээлснээр, Бейрут хотын төв хэсэгт нөхцөл байдал хэвийн болж байгаа хэдий ч хэдэн зуун жагсагч гудамжинд жагсаал цуглаан хийсээр байгаа аж.


Ливаны нийслэл хотын боомтод болсон дэлбэрэлтийн шалтгааныг олж илрүүлэхийн тулд олон улсын мөрдөн шалгах ажиллагааа явуулахыг жагсагчид шаарджээ. Жагсагчдын дунд залуучууд, эмэгтэйчүүд болон хүүхдүүд олон байгаа аж. Саудын Арабын “Al Arabiya” телевиз мэдээлэхдээ, жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, эмх замбараагүй байдал үүсээгүй хэдий ч жагсаалд оролцогчид тун бухимдалтай байна гэжээ.  


Бейрут  хотын төвд бямба гарагт жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн болжээ. Жагсагчид Гадаад хэргийн яамны байр болон Хамра худалдааны гудамж орчимд байрлах Эдийн засгийн яамны байр руу дайран орохоос гадна Ливаны банкны холбооны төв байр руу дайрч орохыг завдсан байна. “Al Jazeera” телевизийн мэдээлснээр, хүчнийхэн жагсагчдыг Гадаад хэргийн яамны байрнаас хөөн гаргаж чаджээ. 


Бейрут хотод 8 дугаар сарын 4-нд дэлбэрэлт болсны улмаас 158 хүн амь үрэгдэж, нийслэл хотын дэд бүтцийн дийлэнх хэсэг нь сүйдсэнтэй холбоотойгоор иргэд жагсаал цуглаан хийсэн юм. Дэлбэрэлтийн улмаас 300 мянга орчим хүн орон гэргүй болжээ. Ливаны эрх баригчид ослын шалтгааныг мөрдөн шалгах ажиллагаанд олон улсын шинжээчдийг оролцуулахааас татгалзсан байна. Гэсэн ч шалтгааныг тодруулах мэргэжилтнүүдийг илгээнэ гэдгээ Интерпол мэдэгджээ. 

Холбоотой мэдээ