Мал сүргийг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг уриаллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-11 09:53:37

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд сум, орон нутагт мал сүргийг шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх угаалгын ажлыг эрчимжүүлэх үйл ажиллагаа эхлээд байна.

Мал сүргийг жил бүр тогтмол угаалганд хамруулснаар мал давжаарах эрсдэлээс бүрэн сэргийлж, арьс шир, ноос, ноолуур, махны гарц чанар дээшилдэг нь судалгаагаар тогтоогдон баталгаажсан байна. Цаашлаад мал сүргийг угаалганд хамруулснаар арьсны гэмтэл үгүй болж чанар нь 1-3 зэрэглэл, шимэгчгүй болсноор малын тарга тэвээрэг нэмэгдэж, махны гарц 20-30 хувиар өсдөг аж. Энэ нь хүнсний аюулгүй байдалд эерэгээр нөлөөлж, МАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд асар их ач холбогдолтой ажээ. Түүнчлэн халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд ч чухал ач холбогдолтой гэнэ. Иймээс малчид, мал бүхий иргэд, ААН-үүд "Мал сүргээ шимэгчтэх өвчнөөс урьдчилан сэргийлэх" арга хэмжээний нэг хэсэг болох мал угаалгын ажилд идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Мал эмнэлгийн үйлчилгээ нь улсын хэмжээнд цахим мэдээллийн санд бүртгэгддэг болсон аж. Иймд мал угаалгын ажилд хамрагдаагүй малчин, мал бүхий иргэнд мал эмнэлгийн гэрчилгээ, малын эрүүл мэндийн тодорхойлолт олгохгүй болохыг аймгийн Мал эмнэлгийн газраас анхаарууллаа.  

Холбоотой мэдээ