Хонконгийн хууль дээдлэх ёсыг сэргээхийг БНХАУ-д уриалжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-11 10:44:58

ВАШИНГТОН./TASS/. Хонконгийн сөрөг хүчний хэвлэлийн магнат Жимми Лайг баривчилсанд бид санаа зовниж байгаа бөгөөд БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт хууль дээдлэх ёсыг сэргээхийг уриалж байна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Роберта О'Брайен мэдэгджээ. 


“Хонконгийн бизнес эрхлэгч, ардчиллыг дэмжигч Жимми Лайд бид ихээхэн санаа зовниж байна. Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хууль нь оршин суугчдынх нь үндсэн эрх, эрх чөлөөг боогдуулж, Хятадын Коммунист намын хяналтыг нэмэгдүүлж байна. Хэвлэлийн магнат Жимми Лайг баривчилсан нь сөрөг хүчнийхнийг айлган сүрдүүлэх, чөлөөт, хараат бус олон  нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд шахалт үзүүлэх оролдлого юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.


Үндэсний аюулгүй байдалд аюул учруулах зорилгоор гадны хүчнийхэнтэй хуйвалдсан хэрэгт сэжиглэгдсэн долоон хүнийг Хонконгийн цагдаа нар даваа гаргийн өглөө баривчилжээ. Тэдний дунд сөрөг хүчний хэвлэлийн магнат, "Пинго жибао" сонины эрхлэгч Жимми Лай байсан аж. Тэрбээр өнгөрсөн онд болсон засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг гол зохион байгуулагчдын нэг байсан бөгөөд АНУ-ын улс төрийн элитүүдтэй нягт харилцаа холбоотой байдаг аж. Түүнийг баривчилсантай холбогдуулан Хонконгийн эрх баригчдыг дэмжиж буйгаа БНХАУ-ын Төрийн зөвлөл илэрхийлжээ. 

Холбоотой мэдээ