Монгол Улс, АНУ зэс хайлуулах үйлдвэр барих төсөлд хамтарна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-11 10:58:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг өчигдөр хүлээн авч уулзав. 


Уулзалтын эхэнд элчин сайд М.Клечески УИХ-ын даргаар дахин сонгогдож, ажлаа үргэлжлүүлэх болсонд баяр хүргэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж  Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд COVID-19 цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэсэн юм. Тэрбээр, "АНУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (USAID) манай улсад ажлаа сэргээж, Улаанбаатар дахь ЭСЯ-нд USAID-ийн төлөөлөгч дахин томилогдсонд баяртай байна. Тус байгууллага нь манай улсыг шилжилтийн үеэс нь эхлэн тууштай дэмжиж ирсэнд Монголын төр засаг, ард түмэн талархалтай байдаг" хэмээлээ. 


Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Говийн аймагт өрнөж буй үндэсний төмөр зам бүтээн байгуулах ажилтай танилцаад ирсэн талаар болон уг төслийн үр ашгийн талаар мэдээлж, санал солилцов. АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Клечески гуравдагч хөршийн хувьд экспортыг нэмэгдүүлэх энэхүү томоохон бүтээн байгуулалтыг олон талаар дэмжин хичээж ажиллахаа амлав. Тэрээр, зэс хайлуулах үйлдвэр барих, ногоон хүлэмж байгуулах зэрэг том төсөлд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.  Үүнээс гадна  АНУ-ын Засгийн газар нь иргэний нийгэм, улс төрийн үйл явц дахь залуус, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог бэхжүүлэх  “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөр албан ёсоор хэрэгжиж эхэлсэн талаар дурдлаа.  Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар улс төр дахь эмэгтэйчүүдийн оролцоо жил бүр нэмэгдэж буйг онцолсон юм.



УИХ-ын ээлжит бус чуулган наймдугаар сарын 17-ноос хуралдаж төсвийн тодотгол болон  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар тэмдэглээд, нутгийн удирдлагын тогтолцооны асуудлаар санал солилцсон юм. Үүнтэй холбоотой хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт дэмжин ажиллахыг хүсэв. Уулзалтын үеэр байлцсан УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Монгол Улсын найм дахь удаагийн парламент банк санхүүгийн салбарт реформ хийх зорилттой ажиллаж буйг онцлов. 

Холбоотой мэдээ