ЕХ Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-12 09:17:54

БРЮССЕЛЬ. /TASS/. Беларусьт чөлөөт, шударга сонгууль болсон гэж Европын холбоо үзэхгүй байгаа бөгөөд цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэнтэй холбоотойгоор хариуцлага тооцох этгээдүүдэд хориг арга хэмжээ авах боломжийг судалж байна хэмээн ЕХ-ны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Жозеп Боррель мэдэгдлээ. 


“Беларусьт чөлөөт бус төдийгүй шударга бус сонгууль болсон. Эрх баригчид хүч хэрэглэх алхмыг авсан нь нэг хүний аминд хүрч, өөр олон хүнийг шархдуулсан. Түүнчлэн олон мянган хүнийг баривчилж, жагсаал цуглаан хийх эрх чөлөөг нь боогдуулж, хэвлэлийн эрх чөлөөг зөрчих явдал нь улам нэмэгдсэн. Саатуулагдсан хүмүүсийг болзол нөхцөлгүйгээр даруй суллахыг бид Беларусийн эрх баригчдад уриалж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.  


“Бид Беларусийн эрх баригчдын гаргасан үйлдлийг судалж, Беларусьтай өрнүүлдэг харилцаагаа дахин үнэлж тэр дундаа хүч хэрэглэсэн, баривчилсан, сонгуулийн дүнг хуурамчаар гаргасан гэж үзэж буй этгээдүүдийн эсрэг зохих арга хэмжээг нь авах болно” хэмээн баримт бичигт мөн тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ