Иргэн Б тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барлаа

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-12 14:05:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт сумын иргэн Б нь тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас баржээ. Тэрээр наймдугаар сарын 11-ний өдөр Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байсан юм.

Мэргэжлийн эмч нар урьдчилсан байдлаар тарваган тахлын булчирхайн хэлбэр, уушигний хоёрдогч гэх онош тавьжээ. Тус иргэний шинжилгээний дээж сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн, албан ёсны баталгаат хариу хараахан гараагүй байна. 

Одоогийн байдлаар Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэсэгчилсэн хөл хорио тогтоож, халдварт, мэс заслын тасгийн үйл ажиллагааг түр хугацаагаанд хаасан байна. Улмаар нэг, хоёрдугаар зэргийн хавьтагчийг ялган тодруулж, тусгаарлалтад авах ажил өрнөж буй юм.

Дээрх сэжигтэй тохиолдлын шинжилгээний албан ёсны хариу гартал авто замын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Одоогоор аймгийн төв буюу Жаргалант суманд дөрвөн хяналтын пост ажиллаж байгаа. Мөн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Халдвартын тасаг, Ач заяа эмнэлэг, гэр гэсэн дөрвөн цэгт тусгаарлалт хийх замаар мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.  

Түүнчлэн одоогоор нэгдүгээр хавьтлын 73 иргэнийг илрүүлсэн бөгөөд тэдний биеийн байдал хэвийн, эрүүл мэндийн байгууллагын тогтмол хяналтад байна.

Иргэд тарвага, тарваганы гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.  

Холбоотой мэдээ