Байгууллага, сум, багийн дарга нарт үүрэг чиглэл өглөө

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-08-12 14:08:20

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал зуншлагын байдал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан байгууллага, сум, багийн дарга нарт үүрэг чиглэл өглөө.

Өвөрхангай аймгийн нийт нутаг дэвсгэрт зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрсэн, байгалийн хадлан тэжээл бэлтгэх нөхцөл бололцоо тааруу байгаагийн улмаас малчид одоо ч отор нүүдэл хийсээр байна. Тиймээс өөрийн болон бусад аймаг, сумаас оторлон ирсэн малчдаас татвар хураамж авахыг хориглож, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтад хяналт тавин харилцан тохиролцож ажиллахыг үүрэг болголоо.

Мөн отор нүүдэл хийж буй малчид, нутгийн иргэдийн хооронд ямар нэг маргаан үүсэх, улмаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудал гарсан тохиолдолд холбогдох хууль журмын хүрээнд зохицуулалт хийх, хяналт шалгалт зохион байгуулж, сумдын удирдлагуудтай хамтран ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газарт даалгаад байна.

Тэрчлэн сум бүр өөрийн онцлог байдалд тохируулан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг 10 дугаар сарын 01-ний дотор бүрэн хэрэгжүүлэх, 8 дугаар сард хадлан тэжээлийг зохих түвшинд бэлтгэх, мал сүргийг отроор таргалуулах чиглэлийг өгөөд байна.


Холбоотой мэдээ