“Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган болно

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-12 18:56:38
Өмнөговь /МОНЦАМЭ/. “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган Өмнөговь аймагт болох гэж байна.
Ирэх сарын 10-нд болох уг чуулганыг Өмнөговь аймгийн ИТХ-ын АН-ын бүлгээс санаачлан “Говийн ус-Ногоон хөгжил”, “Нүхэн жорлонгүй ногоон хот” зэрэг НҮТББ-тай хамтран зохион байгуулах юм. Энэхүү арга хэмжээ нь говьд хамгийн тулгамдаад байгаа усны асуудлыг иргэд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран хэлэлцэж, гарц шийдэл олох зорилготой. Чуулганаар говийн усны өнөөгийн байдал, уул уурхайн бүс нутаг дахь усны хэрэгцээ, аялал жуулчлалын бүс нутаг дахь усны хангамж. Говийн хөдөө аж ахуй, мал аж ахуйн усан хангамжийн өнөөгийн байдал, хот суурин газрын усны хангамж, эрүүл ахуй зэрэг тулгамдсан асуудлуудыг ИТХ-ын АН-ын бүлгийн гишүүд хөндөж тавих юм байна. Мөн эрдэмтэн докторууд хүрэлцэн ирж, говийн усны тулгамдсан асуудлууд, Улаан нуурыг тэтгэх төсөл, говийн усны чанар, усны нөөц, гидрогеологийн зураглал, саарал усны технологи, инновацийн технологи, устөрөгчийн эрчим хүч, говийн эрчим хүчний ирээдүй, хот төлөвлөлт ба дэд бүтцийн хөгжил зэрэг олон чухал сэдвээр илтгэл тавина. Чуулганы үеэр саарал ус, эко жорлон, усыг эрдэсжүүлэх, бордоо бэлтгэх зэрэг орчин үеийн технологийн шийдлийг харуулсан үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Чуулганыг Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах юм байна.
Холбоотой мэдээ