Амны хаалтаа тогтмол зүүхийг дахин уриалав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-13 16:07:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд өнөөдөр "COVID-19"-тэй холбоотойгоор нийт 24 иргэн гэрийн ажиглалтад буюу нийслэлийн 140 өрхийн эрүүл мэндийн төвийн давхар хяналтад байна. Нийт 8129 иргэний гэрийн ажиглалтын хугацаа дуусаж, хяналтаас гарчээ. 

Гэрийн ажиглалтад орсон иргэд гар утсаа унтраах, утасны дугаараа буруу өгөх, хаягаа солих зөрчил түгээмэл гарч байна. Иймд гэрийн ажиглалтад байгаа иргэд хүлээсэн үүргээ биелүүлж, аль болох гэртээ байх, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ажлыг хүндэтгэн мэдээллээ тогтмол өгч байх хэрэгтэйг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Мэндсайхан өнөөдөр мэдэгдлээ. 

Тэрээр, "Манай улсад "COVID-19"-ийн цар тахлын  өвчний эрсдэл их хэвээр байгаа. Тийм учраас амны хаалтаа тогтмол зүүх шаардлагатай. Гараа угаахыг хэвшил болгох ёстой байна. Дэлхий дахинд халдварт өвчний аюул намжаагүй энэ үед иргэд, олон нийт амны хаалтаа зүүх хандлага суларсан. 

Үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлж байгаа иргэндээ шаардлага тавьж байх ёстой. Мөн гар ариутгах нөхцөл байдлыг хангаж ариутгалын бодистой байх зайлшгүй шаардлагатай. Хүний гар хүрч байгаа хаалга, нийтийн тээврийн бариул зэрэг гар хүрч болох зүйлүүдийг ариутгалын бодисоор тогтмол ариутгаж, үйлчилгээний газар үйлчлүүлэгчдийг амны хаалт зүүж, гар ариутгалын бодисыг заавал хэрэглэхийг шаардах хэрэгтэй гэв.

Энэ сард эрүүл мэндийн байгууллага ачаалал их байдаг учир үйлчлүүлж байгаа хүмүүс ерөнхий дотоод журмыг дагаж амны хаалтаа зүүхийг анхааруулж байна гэв.

Т.Энхтогтох

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ