“The wasabies” хамтлагийнхан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмд зөв таниулах үйлсэд нэгдэнэ

Монголын мэдээ | Соёл урлаг
192@montsame.mn
2020-08-14 15:10:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол телевизийн "Оддын академи" шоунаас төрөн гарсан “The wasabies” хамтлагийнхан Монголын Дауны холбоо болон  “НэпкоКидс” хүүхдийн номын хэвлэлийн газартай хамтран үе тэнгийнхэн, өсвөр насныханд зориулан ном гаргахаар болж, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.


Зөв амьдралын хэв маяг, дадал, зуршлын тухай, мөн дауны хам шинжтэй хүүхдүүдийг зөвөөр ойлгуулах зорилгоор өсвөр үеийнхэн рүү чиглэсэн 60 нүүртэй комик зурагтай номыг 9 дүгээр сард гаргахаар төлөвлөжээ. Тус номын нийт борлуулалтын 3 хувь нь Монголын Дауны холбоонд харьяалах хүмүүст мөнгөн тусламж болон очих аж. 


Өөрсдөө хүсээгүй хөгжлийн бэрхшээлтэй болсон, нэгэнт өөрийн хувь тавилангаар ирсэн хүүхдүүдээ бид гадуурхах биш, хайрлах учиртайг  “The wasabies” хамтлагийн продюсер, урлаг судлаач, хөгжмийн зохиолч Б.Наранзун хэллээ. 




“The wasabies” хамтлагийн ахлагч Э.Буяндулам хэлэхдээ, "Бид “НэпкоКидс”-тэй хамтран 4 дүгээр сараас номоо бэлтгэж эхэлсэн. “Монголын дауны холбоо” ТББ хамтраад үеийнхэндээ болон дүү нартаа дауны хам шинжтэй хүүхдүүдийн талаарх ойлголт өгөх, зөв хандлагыг бий болгох зорилгоор хамтлагийнхаа гишүүд тус бүрээр 4 цуврал номыг хамтарч гаргана" гэв.  Тэрээр, бид зөвхөн дауны хам шинжээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гэхээр нийгмээс тусгаарлагддаг, юу ч хийж чаддаггүй гэх ойлголтыг өөрчлөхийг хүссэн юм гэв.  



Номын зохиолчоор мөн өсвөр үеийн буюу 18-24 насны А.Сайнжаргал, Т.Цэлмэг, А.Марал, Б.Халиун нарын охид “The wasabies” хамтлагийн гишүүдтэй хамтран ажиллажээ. 


Ташрамд дурдахад, Монголын дауны холбоо ТББ нь хромсомын өөрчлөлттэй хүүхдүүдийн сурч боловсрох, эрүүл байх, тэднийг нийгмийн оролцоонд тэгш хамруулахад тэдэнд болон гэр бүл, асран хамгаалагч нарт нь зөвлөгөө өгч дэмжин ажилладаг, ашгийн бус байгууллага юм.


"НэпкоКидс" нь Монголын хэвлэлийн томоохон компанийн нэг "Нэпко"-гийн импринт буюу хүүхдийн номны хэвлэлээр дагнасан охин компани бөгөөд тус хэвлэлийн газар зах зээлд дутагдалтай орон зайг нөхсөн гадны чанартай бүтээлийг орчуулан, хэвлэхийн зэрэгцээ Монголын зохиолчдын, монгол хүүхдүүдийн туурвисан бүтээлийг олон улсын зах зээлд гаргахаар ажиллаж байгаа юм байна. 


Т.Энхтогтох

Гэрэл зургийг Н.Батбаяр


Холбоотой мэдээ