Малчид нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуулийг сайн мэдэхгүй байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-08-14 17:28:54

Увс /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжиж буй Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуулийг Увс аймгийн ард иргэд төдийлөн сайн мэдэхгүй байгаа аж. Иймээс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ард иргэдэд хандаж, энэ хуулийн талаарх мэдээллийг хүргэж байна.

“Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуулийн хэрэгжилт энэ оны 12-р сарын 31-ний өдрөөр тасалбар болж дуусна. Өөрөөр хэлбэл, тухайн иргэн тэтгэвэрт орохын тулд ажилласан жил дутуу бол нэг сарын төлбөр 42 мянга, нэг жилийн төлбөр 504 мянган төгрөг төлж байгаа. Улсад 20 жил ажилласан эрэгтэй 15 жилд нь, эмэгтэй 12 жил 6 сард нь малчнаар ажилласан байх шаардлагатай. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 11 жилээ авчихсан хүмүүс 2001 оноос хойшхи жилийг энэ хуулийн дагуу жилийн 504 мянган төгрөгийн төлбөр төлөөд авах боломжтой” хэмээн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Ч.Дарьжав хэллээ.

 

 

Холбоотой мэдээ