Хяргасын хөвөөнд “Ээж нуураа хайрлая” сэдэвт зураг зуржээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-08-14 17:48:09

Увс /МОНЦАМЭ/. Хяргас сумын уугуул мөртлөө өдгөө Дархан-Уул аймагт хувиараа хөдөлмөр эрхлэн амьдарч буй Д.Алтанхишиг Хяргас нуурын хөвөөнд “Ээж нуураа хайрлая” сэдэвт зураг зурж байхтай таарлаа. Тэрбээр Хяргас нуурын хөвөөнд байрлах Хар тэрмис амралтын газрын боловсон жорлонгийн хананы гурван талд монгол ахуйтай холбоотой зураг зурж байв.

Тодруулбал, нүүрэн талд нь Монгол хувцастай жаахан хүү хогийн саванд хог хийж байгаа зураг зурсан бол баруун талд нь мөнгөн аягатай сүү барьсан Монгол бүсгүй, харин зүүн талд нь “Ээж нуураа хайрлая” гэсэн сэдэвтэй зураг зурсан байна.

“Аян замд явж байгаа болон ирж байгаа хүмүүст зориулаад мөнгөн аягатай сүү барьсан Монгол бүсгүйн зургийг баруун талын ханан дээр зурж байна. Харин зүүн талд нь “Ээж нуураа хайрлая” гэсэн сэдэвтэй зураг зурсан. Хяргас нуурыг Ээж нуур гэж хүндэтгэдэг болохоор нутгийнхаа нуурыг хунтайгаар зурж, өөрийнхөө гарын үсгийг мөнхөллөө. Би гэр бүлийнхэнтэйгээ сар гаруйн хугацаанд төрөлх нутгаараа аялаад буцах гэж байна. Ховд суманд Шаазгай нуурын хөвөөнд 16 хоног амарсан. Шаазгай нуур харшилд сайн, даралт бууруулдаг, хар шавартай нуур гэхээр нь хэрэг болгож зорьж очсон.

Хар тэрмист хүүхэд байхдаа амарч байсан болохоор хуучин модон байшинг нь зорьж ирж амарлаа. Хяргасын хөвөөнд маш олон амралтын газрууд баригджээ. Хамгийн гол нь энэ сайхан байгальдаа ард иргэд маань хог хаягүйгээр аялмаар байна. Нутаг сайхан шүү дээ” хэмээн Д.Алтанхишиг ярилаа. 

Холбоотой мэдээ