Ш.Отгонбаяр: Зээлийн хүүг бууруулах шаардлагатай

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-08-14 18:24:45

Дорноговь /МОНЦАМЭ/.Худалдаа аж үйлдвэрийн танхимын Дорноговь аймаг дахь салбарын дарга, “Суман зурхай” ХХК-ийн захирал Ш.Отгонбаяртай уулзаж салбарынх нь үйл ажиллагааны талаар тодрууллаа.

-Орон нутгийн бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?

-Бизнес эрхлэгчдэд тулгарч буй асуудал бол хүү ихтэй банкны зээл. Өөрөөр хэлбэл зээлийн хүү их, хугацаа нь богино байна. Хоёрдугаарт, ажиллах хүч хомс. Монголд ажил хийдэг хүн ховор болжээ. Манай компани наймдугаар сараас нэгдүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулдаг. Гэвч ажиллах хүчин дутагдалтай байдаг.

-Төрөөс бизнес эрхлэгчдийг хэрхэн дэмжиж байна?

-Төрөөс зарим бизнест тусгай зөвшөөрөл олгодог. ХАҮТ нь орон нутгийн удирдлагуудтай хамтын ажиллагаатай байдаг. Мөн боломжийнхоо хэрээр орон нутгийнхаа бизнес эрхлэгчдээ дэмжүүлэхийн төлөө ажилладаг. Жишээ нь барилгын салбарынхан нийлээд консерциум болоод ажиллаж байна. Энэ бол тэдний үйл ажиллагааг дэмжсэн томоохон дэмжлэг. Бас хүндрэлтэй нэг асуудал нь аж ахуйн нэгжүүдийн хувьд нийгмийн даатгал. Ажил хийж байгаа хүн болгон нийгмийн даатгал төлж үр шимийг нь хүртэх боломжтой. Гэтэл ажил олгогч болон ажиллаж байгаа иргэд хоёрын төлөх шимтгэл нь өндөр. Цалин ихтэй хүмүүсийн нийгмийн даатгалын шимтгэл нь их байдаг. Гэвч тухайн иргэн нийгмийн даатгал төлсөн хэмжээгээрээ төрөөс хангалттай тэтгэвэр тэтгэмж авч чаддаггүй. Нийгмийн даатгалыг сайн дураараа төлөх нь зүгээр юм болуу гэж манай бизнес эрхлэгчид ярьж байгаа.

-Бизнес хийх орчин нөхцөл орон  нутагт ямархуу байна?

-Монгол Улсад бизнес хийх орчин хүндрэлтэй. Маш их чармайж байж хэдэн төгрөг олно. Учир нь хүн ам цөөтэй, худалдан авах чадвар тааруу. Ер нь уул уурхай юм уу экспортын чиглэлээр бизнес хийдэг компаниуд илүү орлого олдог. Боломжийн хэмжээнд ажилладаг жижиг дунд үйлдвэрүүд ч бий. Гэлээ ч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд гаргах гарц шийдлийг олох хэрэгтэй. Энэ нь Монголд үйлдвэрлэв гэсэн баталгааны бичиг юм. Тэгэхээр өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэгчид нийлээд компани байгуулаад чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал.

-Орон нутаг брэнд бүтээгдэхүүнтэй болох боломж хэр байна вэ?

- Сайншандын хувьд гар урлал. Хийе бүтээе гэвэл юу ч хийж болно. Ферм байгуулж, цагаан идээ боловсруулаад гадагшаа экспортод гаргах. Манай улс ХАА-н үйлдвэрлэлд тулгуурласан орон шүү дээ. Тэгэхээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Хүмүүс хоорондоо нэгдээд бэлчээрийн мал аж ахуйгаасаа салахгүйгээр дундаа үйлдвэртэй болох нь чухал. Өөрөөр хэлбэл нэг нь сүүгээ, нөгөө нь сав баглаа боодлоо нийлүүлдэг байх. Одоогоор энэ чиглэлд хэрэгжүүлж байгаа төсөл алга. Бас нэг хүндрэлтэй асуудал нь жижиг бизнес хийхлээр зарлагаасаа хэтэрдэггүй. Жишээ нь манай компани мах боловсруулах чиглэлээр арав гаруй жил ажиллаж байна. 2015 оноос үйлдвэр байгуулсан. Мах экспортлоход ашиг нь арай илүү. Тиймээс манай улс бүтээгдэхүүнээ гадаадад экспортлох нь зөв гарц.

- Аймгийн ХАҮТ цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид тухайн жилд хийх ажлынхаа төлөвлөгөөг хурлаараа баталдаг.Татвар бууруулах, бизнесийн орчныг сайжруулах, зээлийн хүүг тухайн орчин нөхцөлтэй нь уялдуулан бууруулах зэрэг санал санаачилга гаргаж зарим нь ажил хэрэг болж байна. Зарим ажлууд “Covid-19” цар тахлаас болж хойшилсон. Тухайлбал үйлдвэрлэгчдийн дунд сургалт зохион байгуулах төлөвлөгөөтэй байлаа. Бизнес эрхлэгчид нэгдэж жижиг, дунд үйлдвэр байгуулах, цаашлаад уул уурхайн компаниудын хэрэгцээнд түшиглэн оёдлын үйлдвэр байгуулах санал гарч байгаа. Бизнес эрхлэгчдийн төлдөг татвар хураамжийг хөнгөлөх шаардлага бий. Цаашдаа бизнес эрхлэгчид нэгдээд аймаг орон нутагт хэрэгцээтэй байгаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, бизнесийн шинэ санаа гаргах, хамтран хөрөнгө оруулах, нэгдмэл зорилгын дор ажиллах шаардлага тулгарч байна.

Холбоотой мэдээ