Барилгын компаниудын маргаанаас болж орон нутгийн эрх ашиг хөндөгдөх ёсгүй

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-08-14 19:22:15
Хэнтий /МОНЦАМЭ/. Өнөөдөр нэгдүгээр сургуулийн барилгын сонгон шалгаруулалтын асуудалтай холбогдуулан “Содон Номин Констракшн” ХХК-ийн төлөөллүүд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбаттай уулзаж, түүний байр суурийг сонслоо.
Эргэн сануулахад, Монголын анхны 13 сургуулийн нэг, 97 жилийн түүхтэй “Алтан гадас одонт” Хэрлэн лаборатори 1-р сургуулийн шинэ барилга улсын төсвийн 13 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр 9000 м2 талбайтай, 1500 хүүхдийн суудалтай, хоёр спорт заал, нэг урлаг заалтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд БСШУЯ, Хэнтий аймгийн ЗДТГ-ын захиалгаар сонгон шалгаруулалт явагдаж, “Монкон Констракш” ХХК шалгарч өнгөрөгч долдугаар сард барилгын шав тавих ёслол болж ажлаа эхлүүлсэн. Тухайн барилгыг 2021 оны наймдугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх ёстой.
Харин тухайн барилгын сонгон шалгаруулалтад оролцсон “Хар Чонот” ХХК тендер будлиантай явагдсан нэрийдлээр шүүхэд хандаж, улмаар барилгын үйл ажиллагааг явуулахгүй хэмээж харуул хамгаалалтын компани хөлсөлж, барилгын үйл ажиллагаанд саад учруулаад байгаа юм. Мөн сонгон шалгаруулалтад гомдолтой байгаагаа “Содон Номин Констракшн” ХХК илэрхийлсэн билээ.
Өнөөдөр Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат тухайн асуудлаар өөрийн байр сууриа компанийн төлөөллүүдэд илэрхийллээ. Тэрбээр тухайн ажил Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг. Тиймээс тухайн ажлын үнэлгээний хорооны шийдвэр гарч гэрээ хийгдсэн учраас ажил үргэлжилж байгаа гэж ойлгож байна. Шүүхийн шийдвэр эцэслэн гартал барилгын ажлыг зогсоох боломжгүй, барилгын ажил үргэлжлэх ёстой. Ямар компани бариад байгаа нь чухал биш. Барилгын ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Үүний ард орон нутгийн, Хэнтий аймгийн эрх ашиг хөндөгдөж байна. 3000 хүүхдийн сурч боловсрох эрх ашиг хөндөгдөнө.
Суурийг нь ухчихсан, ажил үргэлжлээд явж байхад зогсоож өвөлжүүлэх юм бол тухайн суурин дээр чанартай барилга баригдана гэдэг эргэлзээтэй. Компаниудын гомдол маргааныг бид биш шүүх эцэслэдэг. Бид түүнд оролцох эрх байхгүй. Гэхдээ Хэнтий аймгийн ард иргэд, үр хүүхдүүдийг бодооч ээ. Та нарын маргаанаас болж энэхүү ажил зогсвол суурин дээр асар их хүндрэл үүснэ. Үүнээс болоод муу сургууль баригдах нөхцөл үүснэ.
Маргаан дуусаад гүйцэтгэгч гарч ирээд ажлаа хийлээ гэхэд ирэх хавраас наашгүй. 2019-2020 оны хичээлийн жил нэг улирал хичээллээд он гараад цар тахлын улмаас сургууль, цэцэрлэг хаагдсан. Хүүхдүүд цахимаар хичээллэсэн. Энэ нь хүүхдүүдийн сургалтын чанарт маш их нөлөөлж байгаа.
Тиймээс аль компани барилга барих нь сонин биш. Гагцхүү өдөр өдрөөр барилгын ажил үргэлжлээсэй гэж хүсэж байна. Энэ байр суурин дээрээ хатуу зогсоно. Бид орон нутгийн эрх ашиг, Хэнтий аймгийн үр хүүхдүүдийн эрх ашгаа бодох ёстой гэлээ.
Холбоотой мэдээ