Нүүрс тээврийн тариф ижил, жигд байхаар зохицуулж байна

Монголын мэдээ | Уул уурхай
192@montsame.mn
2020-08-28 15:14:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавантолгойн ордоос гаалийн хяналтын бүс Цагаан хад чиглэлд нүүрс тээвэрлэж буй жолооч нар тээврийн тариф хямд, нийгмийн асуудал хоцрогдож байгааг анхаарах шаардлагыг төр, засагт тавин зам хааж эсэргүүцлээ илэрхийлээд байгаа.

Үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХЯ, УУХҮЯ, "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас өчигдөр мэдээлэл хийж тайлбар өгсөн юм. Мөн өнөөдөр тээвэрчдийн холбооны төлөөлөлтэй уулзаж ярилцаж байна. Энд нүүрс олборлож буй болон худалдан авч буй компани, ААН-ийнхэн хоёр талаасаа оролцож байна. Учир нь нүүрс тээвэрлэлт нь тээвэрчид болон худалдан авагч болон тээврийн компани гэсэн гурвалсан бизнесийн харилцаа дунд явагддаг тул үнийн зохицуулалтыг эхний ээлжинд 3 талын хүрээнд ярилцан ойлголцож байна. 


"ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, "Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотой зохицуулалтын үүрэг чиглэлийг Засгийн газраас өгч байгаа. Манай компанийн хувьд гаалийн хяналтын бүсэд нүүрсээ борлуулдаг, түүнээс цааш тээврийг хувийн компани, бусад ААН болон худалдан авагч компаниуд хариуцдаг. Гэхдээ бид тээвэрчдийн асуудлыг орхигдуулаагүй. Энд төрийн өмчит болон бусад ААН, уул уурхайн компаниуд анхаарах талаар 1-2 жилийн өмнө Ерөнхий сайдын гаргасан захирамж, тусгай үүрэг даалгаврын дагуу зохицуулж ажиллаж байна. 

Тодруулбал, захирамж, өгсөн үүрэг даалгаврын хүрээнд Цагаан хад болон манай уурхайн ойролцоо жолооч нарын амралт, цагийн хуваарь, дарааллыг зохицуулах төвүүдийг Засгийн газрын болон төрийн өмчит болон төрийн бус компаниудын оролцоотойгоор байгуулсан. 

Манай компанийн дэргэдэх ийм төвийн байгууламжийн ажил 80 гаруй хувьтай явж байгаа. Төвүүд бий болсноор жолооч нарын амралт,  нийгмийн хамгаалал, бүртгэл, цаашлаад нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрах ажлыг зохион байгуулж байна. “COVID-19” цар тахлаас шалтгаалан цаг хугацаа алдсан явдал бий. 

УУХҮ-ийн болон ЗТХ-ийн сайд нараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тээврийн тарифыг уртын тээвэрт  ачаа тээврийн хөлсийг нэг тонн тутамд 80 юаниас дээш нэмэх, богинын тээвэрт ижил дүнтэй байх  харилцааг зохицуулах үйл ажиллагааг дээд, дооод түвшинд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхний байдлаар бид худалдан авагч компаниудтайгаа мэдээлэл солилцсон. Ер нь бол тээвэрлэлт бизнесийн зарчмаар явах харилцаа бөгөөд цаашид энэ асуудлыг жигд болгон зохицуулах үүрэг төрд болон төрийн өмчит компаниудын өмнө байгааг бид ойлгож байгаа" хэмээн мэдэгдлээ. (ЗТХЯ-ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах газрын дарга Ё.Жаргалсайханы мэдээлж буйгаар тарифт тээвэрлэлтийн зайнаас хамаарч нүүрс тээвэрт хол, ойрын, богинын гэсэн 3 жишиг тогтоод байгаа аж). 


"ЭТТ" ХК өнөөдрийн байдлаар нүүрс худалдан авагч 60 компанитай ажиллаж байгаагаас 41 нь коксжих нүүрс нийлүүлдэг аж. Тэдгээрээс 12 компани уртын тээвэрт тарифыг 80 юаны нэмэгдлээр явъя гэсэн "ЭТТ" ХК-ийн саналыг дэмжжээ. Тээврийн болон нүүрс худалдан авагч бусад компани дэмжих саналаа илэрхийлжээ. Гэхдээ энд худалдан авагч бүх компани саналаа илэрхийлэх боломжгүй байгаа нь ихэнх компанийн эзэд нь БНХАУ-аас худалдан авдагтай холбоотой. “COVID-19”-ийн нөхцөл байдлаас үүдээд тэдгээр худалдан авагчдын төлөөлөл Монголд байхгүй байгаа болон тэдэнтэй холбогдох олон харилцаа үүсэж байгаа учраас зохицуулалт дээр цаг хугацаа алдсан гэж ойлгож болно гэдгийг "ЭТТ" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өчигдөр мэдэгдлээ. 


Тэрээр, "Үнийн зохицуулалтыг үүний өмнө хийх гэж 2 ч удаа үзсэн. Ингэхдээ, ЗТХ-ийн сайдын жишиг үнийн тарифын дагуу бид нэлээд ажлыг зохион байгуулахад оролцсон хэдий ч зах зээлийнхээ буюу нүүрсний үнийн хэлбэлзэл, аль пост дээр хаана зарж байгаас шууд хамаараад, эдийн засгийн буюу бизнесийн харилцаагаараа шууд зохицуулагдахгүй удаж байгаа. Үүнийг цаашид богино хугацаанд шийдвэрлэх боломжтой. Энд ажлын хэсэг байгуулан ажиллаж байна" гэсэн юм. 

Тус компанийн зүгээс ЗТХЯ, УУХҮЯ-тай хамтран шаардлага тавьж байгаа нүүрс тээврийн жолооч нарын эрх ашгийг хөндөж буй "Баян зам" ТББ болон тээвэрчдийн холбооны төлөөлөлтэй 2 удаа ажлын хэсгийн түвшинд ярилцаад Тээврийн хяналтын түр зөвлөл хамтран байгуулжээ. Зөвлөлийн хүрээнд тээвэрлэлтийн хөлс тарифыг 80+ болгохоос гадна жолооч нарын нийгмийн хамгаалал болон нүүрс тээвэрлэлтийн татварыг Монгол Улсад төлж байх талаар мөн хөнджээ. 

Учир нь монгол жолооч нар БНХАУ-ын талд гараад, тэндээсээ валютаар цалинждаг учир Монгол Улсдаа татвар төлдөггүй байна. Ингэснээрээ жолооч нар Монголдоо бүртгэлтэй татвар төлөгч болж, тээврийн хөлс, нийгмийн асуудлаа шийдэх талаар шаардлага тавьж байгаатайгаа адил эрх эдэлж, үүргээ биелүүлдэг харилцаанд орно гэдгийг "ЭТТ" ХК-ийн удирдлага хэлэв. 


Гэрэл зургийг Т.Чимгээ




Холбоотой мэдээ