Амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэхийг албан байгууллага, ААН-д үүрэг болгов

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-09-04 15:24:27

Хэнтий /МОНЦАМЭ/ Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх үүднээс амны хаалт зүүсэн иргэдэд үйлчлэхийг албан байгууллага, ААН-д үүрэг болгов.


Хэнтий аймгийн Онцгой комиссын хуралдааныг үндэслэн аймгийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/369 дүгээр захирамж гарсан. Тухайн захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг энэ сарын 15-ны өдрийг хүртэл сунгасан. Ингэснээр аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагын дарга, эрхлэгч, захирлуудад үүрэг болгожээ.

Энэ хүрээнд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх шалгалтыг өнөөдрөөс эхлүүлэн энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж эхэллээ. Шалгалтыг Мэргэжлийн хяналтын газар удирдан нэгдсэн бүрэлдэхүүнтэйгээр олон нийтийн газар, төрийн байгууллагууд болон хувийн хэвшилд шалгалт явуулж байгаа бөгөөд шаардлага биелүүлээгүй, амны хаалтгүй үйлчилсэн албан байгууллагууд, ААН-д хариуцлага тооцох юм байна.

Тиймээс хичээл сургууль орж, хөл хөдөлгөөн нэмэгдсэн энэ үед албан байгууллага, ААН-үүд амны хаалттай иргэдэд үйлчлэхийг, ард иргэдийг болзошгүй аюулаас сэргийлж, амны хаалттай олон нийтийн газраар зорчиж, амны хаалт зүүж хэвшихийг анхааруулж байна. Ингэснээр коронавирусний халдвар, 10-р сараас дэгддэг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх өндөр ач холбогдолтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Холбоотой мэдээ