"ЭТТ" ХК-ийн ногдол ашгийг 400 мянган иргэнд маргааш шилжүүлнэ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-07 14:31:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТХТ)-ийн мэдээллээр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийн мөнгийг өнөөдрийн байдлаар 857 мянган иргэнд арилжааны банкны дансаар нь шилжүүлээд байна. 

Тэгвэл ногдол ашгийн мөнгөө И баримтын цэсийг ашиглан авах хүсэлтээ гарган зөвшөөрсөн 400 орчим мянган иргэний ногдол ашгийн мөнгийг маргааш шилжүүлэх аж. Ингэснээр нийтдээ 1.3 сая иргэн ногдол ашгаа авах боломжтой болжээ. 

Эхний ээлжинд үнэт цаасны компаниуд дээр дансаа нээлгэсэн болон арилжааны банк дахь дансны дугаараа баталгаажуулсан иргэдийн ногдол ашгийн мөнгийг Төрийн сан дахь Төвлөрсөн хадгаламжийн дансаар шилжүүлж, улмаар иргэдийн данс руу ногдол ашгийн мөнгийг хуваарилаад байна. 

"ЭТТ" ХК-ийн ногдол ашгийг Монгол Улсын 2.5 сая иргэн авах бөгөөд иргэн тус бүрд ногдох 1072 хувьцааны дансаа нээлгэхээс гадна И баримтын апплейкэйшнийг ашиглан авах боломж, сонголт нээлттэй байгааг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс мэдээлж байна. Мөн иргэд Хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансаараа "ЭТТ" ХК-ийн ногдол ашгийн мөнгийг авах боломжтой. Энэ нөхцөлд хүсэлтээ гарган зөвшөөрч, баталгаажуулах шаардлагатай аж. 

ҮЦТХТ ногдол ашгаа авч амжаагүй үлдэж буй иргэдийн мэдээлэл болон дансны баталгаажуулалтыг 7 хоног бүр хийж Төрийн сан болон арилжааны банкуудад илгээхээ мөн мэдэгдлээ. 


Холбоотой мэдээ