Бейрутэд гарсан түймрийг санаатай хорлон сүйтгэх ажиллагаа байж болзошгүй гэж үзэж байна

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-09-11 08:11:10

БЕЙРУТ. /TASS/. Бейрут хотод аймшигтай дэлбэрэлт болсноос хойш сар гаруйн дараа Ливаны нийслэлийн боомтыг пүрэв гарагт дахин хар утаа бүрхжээ. Гал гарсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Ливаны цэргийнхний урьдчилсан мэдээллээр, Бейрутын далайн боомтын бүсэд байрлах автомашины дугуй, шатах тослох материалын агуулах шатжээ.


Түймрийн уршгийг арилгах асуудлаарх Ливаны Батлан ​​хамгаалахын дээд зөвлөлийн хурал пүрэв гаргийн орой болжээ. Тус улсын Ерөнхийлөгч Мишель Аун хурлыг нээж үг хэлэхдээ, боомтод гарсан шинэ үйл явдлын шалтгааныг нэн даруй тогтоохыг тусгай албанаасаа шаардсан байна.


"Түймрийг санаатай хорлон сүйтгэх зорилгоор тавьсан эсвэл хайхрамжгүй байдлын улмаас гарсан байж болзошгүй. Ямартай ч гал юунаас болж гарсныг аль болох хурдан тогтоож, буруутай этгээдүүдийг хариуцлагад татах ёстой" гэж тэрбээр мэдэгдэв.  


Боомтод гарсан түймэр “ливанчуудын нуруун дээр дахин цохилт өглөө” гэж Ливаны Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Хасан Диаб хэлсэн байна. “Хүмүүс асуултдаа хариулт авахыг хүлээж байна. Тиймээс мөрдөн шалгах ажлыг яаралтай явуулж, буруутныг олж тогтоох ёстой” гэж тэрбээр цохон хэлжээ.


Бейрут хотын гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, одоогийн байдлаар түймрийг унтраасан боловч боомтод ажил үргэлжилж байгаа аж. Түймрийг унтраахад цэргийн нисдэг тэргүүдийг оролцуулжээ. Ливаны Улаан Загалмайн нийгэмлэгийн мэдээлснээр, гал гарах үеэр хүн түлэгдэж гэмтээгүй байна.


Холбоотой мэдээ