Баруун аймгуудын өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-09-11 08:47:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ХХААХҮ-ийн З.Мэндсайхан Ховд аймагт болж буй баруун бүсийн аймгуудын удирдлагын уулзалтад оролцлоо. Тэрээр бэлчээрийн даац, усны менежмент, махны хангамж болон салбарын мэдээллийг уулзалтын үеэр танилцуулав. Харин баруун бүсийн аймгуудын удирдлага өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулав.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханы уулзалтын үеэр хэд хэдэн асуудлыг онцолж хөндлөө.

Дэлхийн дулаарал, малын тооны өсөлт, хортон, мэрэгчдээс шалтгаалж, бэлчээрийн доройтол эрчимжиж байна. Малчид үржилд тэнцэхгүй хээлтэгч болон эр, сувай малыг бага насанд нь зах зээлд нийлүүлж, эдийн засгийн эргэлтэнд оруулж бэлчээрийн даацад малын тоог тохируулах ажлыг хийх хэрэгтэй байгааг хэлэв.

Малын тоо толгой өссөн, цаг агаарын нөхцөл байдалтай уялдуулан одооноос эхлэн отрын бүс нутгийн ашиглалтын хуваарь гаргах, нөхцөл, үйлчилгээг сайжруулах, оторлох мал сүргийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, угаалга, тарилга, туулгалтад хамруулах, тууврын замд хяналт тавих ажлыг сайтар зохион байгуулах шаардлагатай байгааг анхааруулав.


Дэлхий нийтэд COVID-19”-ийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой хадгалах зорилгоор УИХ-аас улаанбуудай болон түүний үр, бүх төрлийн хүнсний будаа, элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон НӨАТ-аас тодорхой хугацаанд чөлөөлөх тухай хуулийг батлан хэрэгжүүлж буйг тэрээр танилцуулав.

Ирэх өвөл, хаврын улиралд шаардагдах аймаг, сумын өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн тооцоо хийхэд 60.2 мянган тн өвс,15.9 мянган тн тэжээл бэлтгэх хэрэгцээтэй байна.

Холбоотой мэдээ