Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байна

Монголын мэдээ | Улс төр
oyundelger@montsame.gov.mn
2020-09-12 11:45:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байна. Төрийн тэргүүнийг Нутгийн удирдлагын ордонд хүрэлцэн ирэхэд Сүхбаатар аймгийн засаг дарга Ж.Эрдэнэбаатар угтаж, Д.Сүхбаатарын талбайд хүндэт харуул жагсав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн аж байдалтай танилцлаа.

Дараа нь Ерөнхийлөгч Х.Баттулга Сайншанд-Баруун-Урт чиглэлд барих 317.4 км төмөр замын төгсгөлийн цэг дээр ажиллав. Сайншанд-Баруун-Урт чиглэлд нийт 334 км урттай төмөр зам барихаас Сайншанд-Алтанширээ чиглэлийн 17 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэж, өнгөрсөн онд дуусгасан. Сайншанд-Баруун-Урт чиглэлийн 317.4 км төмөр замын бүтээн байгуулалт нь Алтанширээ сумын нутаг дахь Газрын тос боловсруулах үйлдвэрээс Баруун-Урт чиглэлд хэрэгжих төсөл юм. Бүтээн байгуулалтын ажлын зураг төсөл, судалгааны ажлыг энэ сарын сүүлээр дуусгаж, газар шорооны ажлыг энэ сардаа багтаан эхлүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцууллаа.


Хосолсон хэлбэрийн сургалтын үйл ажиллагаатай танилцлаа

2020-2021 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулиар зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас 2020 оны хоёрдугаар хагаст бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн. Улмаар 2020-2021 оны хичээлийн шинэ жилийг танхимын болон цахим сургалтын хосолсон хэлбэрээр үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар сургуулийн удирдлага, багш, сурагчидтай ярилцаж, санал, бодлыг нь сонслоо.

Сургалтыг цахим хэлбэрээр явуулах нь танхимын сургалтаас эрс өөр бөгөөд сургалтын зарим агуулга орхигдох, алслагдмал бүсэд амьдардаг, гэртээ интернэт, компьютергүй сурагчид хичээлээс хоцрогдох, улмаар сурагчийн үнэлгээ хийхэд хүндрэл гарах зэрэг бэрхшээл тохиолдож байсныг сургуулийн удирдлага хэлэв.

2013 оны дөрөвдүгээр сарын нэгнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль нь 2020-2021 оны хичээлийн жилд 41 бүлгийн 1,360 гаруй сурагч, 92 багш, ажилтантайгаар сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна.


Сүхбаатар аймгийн 214 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллах үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

Сүхбаатар аймаг 62 мянган хүн амтай. Тус аймгаас энэ жил 214 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 10, Хоёрдугаар зэргийн одонг 204 ээжид хүртээв. Эдгээр ээжийн дотор энэ жил “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо зэрэг гардан авч буй эгч дүүс, Баяндэлгэр сумын иргэн Г.Баярмаа, Г.Ариунзаяа нар байлаа.

Ерөнхийлөгч одон гардуулсныхаа дараа ээжүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Эх орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл саруул, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье. Монголчууд бид “шүүдрийн дуслаар ээждээ цай чанаж өгвөл унтах нойроо умартан босч хуурайлсан мянга, мянган шөнийн ганцхан шөнийн ачийг хариулдаг” хэмээн ярьдаг ард түмэн. Ийм хэмжээлшгүй их ачлалын эзэн болсон ээжүүдэд уламжлал ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон гардуулж, төрийн нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж байгаадаа миний бие баяртай байна.

2020 онд улсын хэмжээнд 10,677 ээжид “Эхийн алдар” одон хүртээх Ерөнхийлөгчийн зарлиг цаг хугацаандаа гарсан ч дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас хойшилж, сарын  өмнөөс  үе шаттайгаар гардуулж байна.

Хүн ам цөөтэй Монгол Улс үеийн үед хүн амаа өсгөх, эхчүүд, хүүхдүүдийг дэмжих бодлого хэрэгжүүлж ирсэн. “Эхийн алдар” одон ээжүүд Та бүхний монголын ирээдүй болсон хүүхэд, багачуудыг эрүүл, боловсролтой, зөв монгол хүн болгон өсгөн торниулж буйд тань үзүүлж буй төрийн өчүүхэн хүндэтгэл. Төр үүнээс ч илүүг хийх ёстой. Ялангуяа, хүүхэд хамгааллын бодлогоо бүх түвшинд оновчтой, хүртээмжтэй, үр дүнтэй хэрэгжүүлэхэд төр онцгой анхаарч ажиллах учиртай. Миний бие энэ чиглэлд тодорхой санал, санаачилга гарган ажиллаж ирсэн, цаашид ч УИХ, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллана” гэв.


Одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу үе шаттайгаар зохион байгуулах шийдвэр гарснаар Ерөнхийлөгч Х.Баттулгыг орон нутагт ажиллах үеэр ийнхүү зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сүхбаатар аймаг дахь томилолт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ