“Шар хантаазтнууд” дахин жагсаж, 300 орчим хүн баривчлагджээ

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-09-13 12:24:56

ПАРИС. /AFP/. Бямба гарагт болсон “шар хантаазтнууд”-ын жагсаалын үеэр цагдаа нар 300 орчим хүнийг баривчилсан гэж Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен Парис мужид байрлуулсан шуурхай штабт очих үеэрээ мэдэгджээ.


Түүний мэдээлснээр, нийслэл хотод 165, мужид 12 орчим хүн саатуулагдсан байна. “Францад болсон жагсаалд 6000 орчим хүн оролцсон бол Парист 2500 орчим хүн жагссан” гэж тэрбээр хэлсэн байна.


Парист болсон жагсаалын үеэр танхайчууд хоёр автомашин галдан шатаасанд Францын Дотоод хэргийн сайд харамсаж буйгаа илэрхийлжээ. Үүний зэрэгцээ түүний хэлснээр, "өмнөх жагсаал цуглаануудын үеэр эмх журам сахиулахад гарч байсан бэрхшээлүүдтэй харьцуулахад энэ удаагийн жагсаал харьцангуй тайван уур амьсгалд болсон гэж үзэж болох аж".


“Ifop” судалгааны албанаас олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүнгээс үзвэл, одоогийн байдлаар “шар хантаазтнууд”-ыг Францын иргэдийн ердөө 10 хувь нь дэмжиж байгаа бөгөөд энэ нь 18-аас дээш насны 4-4.5 сая хүн гэсэн үг юм. 2018 оны 12 дугаар сард буюу "шар хантаазтнууд"-ын хөдөлгөөн гарч ирснээс хойш нэг сарын дараа энэ үзүүлэлт 19 хувьтай байжээ. Санал асуулгыг есдүгээр 3-7-ны хооронд 3013 хүний дунд явуулсан байна.


Холбоотой мэдээ