Хар бухын балгас, Цогт хун тайжийн цагаан байшингийн туурийг үзэж танилцав

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-09-13 14:35:54

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт ажиллаж, Дашинчилэн сумын нутагт байдаг Хар бухын балгас, Цогт хун тайжийн цагаан байшингийн туурийг үзэж, түүх, археологийн судалгаатай танилцлаа.

ШУТИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн багш, археологич, профессор Л.Эрдэнэболд эдгээр түүхийн дурсгалын талаар тайлбарлалаа.

Хар бухын балгас нь анх Хятан улсын үед үүсгэн байгуулсан бөгөөд хожим ХVI-ХVII зууны үед монголчууд чулуун барилгууд босгон ашиглаж байсан нь үлдэж хоцорчээ. Уг дурсгалыг анх Оросын эрдэмтэд судалсан юм. Оросын Газар зүйн нийгэмлэгийн судлаач А.Падерин 1870-аад оны үед Монгол орны төвийн нутаг, Орхон гол орчмын түүх, соёлын дурсгалуудыг судлах далимдаа, Хар бух балгасыг олж үзэн, түүний тухай товч тодорхойлолтыг нийтэлсэн байна. Үүний дараа дотоод, гадаадын олон тооны эрдэмтэн уг дурсгалт газрыг судлан шинжилсээр ирсэн бөгөөд дэлхий дахинд нэрд гарсан томоохон дурсгал юм.

Энэ хотын туурь нь шороон болон чулуун байгууламжаас бүрдсэн аж. Уг хотын гадуурх том хэрмийг нарийн ширхэгтэй шар шавар дагтаршуулан хийсэн байна. Эл дөрвөлжин шороон хэрмийг IХ-ХI зууны үед Хятан нар босгожээ. Хожим ХVI-ХVII зууны эхэн үед монголчууд эртний Хятаны үеийн том шороон хэрмийн дотор чулуун барилга, хэрэм барьж ашиглаж байжээ гэж эрдэмтэд үзжээ.

Хар бухын балгасыг Х-ХI зууны үетэй холбох үндэслэл нь Хятан гүрний үеийн хот болох Чин толгой балгаснаас олдсон хятан ваарын хагархайнуудтай ижил хэлбэр, маягийн ваар олдсон явдал юм. Мөн түүнчлэн эртний судлалын ном зохиолд “хятан хээ” хэмээн нэршсэн хурц үзүүртэй зүйлээр хонхойлгон зурж гаргасан ухам (дусал) хээтэй сав суулганы хагархай энэ хотоос олон тоогоор олддог нь түүний эзэн холбогдогч хийгээд он цагийг гэрчилж байгаа юм гэж археологич Л.Эрдэнэболд тайлбарлалаа.

Монголчууд энд чулуун хэрэмтэй, хэрэмгуй нэлээн хэдэн барилга барин ашиглаж байжээ. Одоо мэдэгдэж байгаагаар нэгээс хоёр давхар нийт 12 барилга, 5 суварганы үлдэгдэл байжээ. Таван чулуун суварганы хамгийн том нь харьцангуй бүтэн хадгалагдан үлдэж хоцорсон бөгөөд хэлбэр хийцийн хувьд бусдаасаа ялгаатай байна

ХVII зууны уед монголчуудын бүтээсэн дээрх чулуун барилгууд нь үндсэндээ гурван хэсгээс бүрдэж байжээ. Эдгээр барилгуудад хийсэн археологийн малтлагаар барилгыг галт уулын гаралтай хүрмэн чулууг шар шавраар нааж барьсан бөгөөд дотор хануудыг зэгс хольсон шар шавраар нимгэн шавардан тэгшилж, наанаас нь улаан, хүрэн, шар будгаар өнгө алаглуулан будсан байжээ. Барилгын ханыг чулуугаар өрж, хэд хэдэн модон багана босгон тулж, дээр нь нуруу мод дээд талд нь бороо ус оруулахгүйн тулд 10-12 см зузаан шар шавар хатууруулан бэхжүүлсэн байжээ. Уг барилгууд нь улаан шавар дагтаршуулан дээр нь пааландаж хийсэн шалтай, ханыг улаан шавраар шавардаж гоёмсог зураг зурсан ханатай, мөн улаан шавраар шавардан өнгө алаглуулан хүрээлэн гоёсон чулуун хаалгатай байсан нь мэдэгджээ.

Хар бух балгасны чулуун байгууламжууд нь XVI-XVII зууны үед баригдсан ажээ. Хар бух голын хөндий нь XVI-XVII зууны үед Халхын Түшээт хан аймгийн нутагт хамаарч байсан бөгөөд энд тус аймгийн ноёд язгууртнууд буддын шашны хийд барьж, шашин номын үйл ажиллагаа явуулж байжээ. Хар бухын балгасын чулуун байгууламжийг малтах явцад янз бүрийн бурхан‚ цац, бурхны шашны зан үйп гүйцэтгэхэд хэрэглэдэг эд зүйлс, тахилын ширээ зэрэг гарсан нь тэнд бурхны шашны хүрээ байсныг харуулж байна. Мөн чулуун барилгуудын еренхий бүтэц, зохион байгуулалт нь бурхны шашны хүрээ хийд гэдгийг ч илтгэж байна. Чулуун барилгуудын ханын өрлөг нь тухайн үеийн Төвөд барилгын өрлөгтэй төсөөтэй байна. XVI-XVII зууны үед Монголд бурхны шашныг дагалдан Төвөдийн уран барилгын мэдлэг ухаан нэвтэрч байсан бололтой гэж эрдэмтэд тайлбарлалаа.


Хар бухын балгас нь Халхын Түшээт хан аймгийн нутагт бурхны шашны Монголд дахь дэлгэрэптийн нэлээд эрт үеийн түүхэнд холбогдох нь тодорхой бөгөөд 1626 оны орчим байгуулагдан 1688 оныг хүртэл хурал номын үйл ажиллагаа явуулсан Хар бухын хийд нэртэй байсан нь мэдэгдэж байна.

Уг хийд нь байгуулагдсанаас хойш өргөжин хөгжиж байгаад 1688 оны үед Халх, Ойрадын дайны хөлд үрэгджээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дашинчилэн сумын нутаг Халдун зүрх уулын өвөр, Туул голын баруун хөвөөнд орших Цогт тайжийн цагаан байшингийн туурийг үзэж, танилцлаа.


Цогт тайж (1581-1637) өөрийн эхийн хамтаар ХVII зууны эхэн үед бурхан шашны үйл хэрэгт зориулан нэгэн хийд бариулсан гэх бөгөөд түүний үлдэц нь уг байгууламж юм. Энэ тухайгаа хөшөө чулуун дээр монгол, төвөд бичгээр сийлснийг сийрүүлбэл:

"Туул мөрний тансаг талын өрнө зүгт, Халдудын зүрхэн нэрт уулын өмнөд эгшнөрчууд төмөр үхэр /1601/ жилийн хөхөө сарын 15-наас үүсч, сэтгэшгүй чандмань сүмээс эхлэн зургаан сүмийг арван долоон жил болоод гал могой /1617/ жилийн зуны эхэн хөхөө сараа дуусав" хэмээжээ. Цогтын цагаан байшинг хуучин барилгын суурин дээр доод хэсгийг чулуу өрж тэхий дундаас дээш тоосгоор барьжээ.

Цагаан байшин болон бичигт хөшөөг анх Оросын эрдэмтэн В.В.Радлов удирдсан судалгааны анги 1891 онд үзэж, дэвсгэр зургийг үйлдэн‚ монгол, төвөд хоёр хэлний бичээст хөшөөний хэв хуулга авч, шинжилгээний ажлын тайландаа хэвлүүлсэн байна. Үүний дараа Германы эрдэмтэн Г.Хут тэдгээрийн бичээсуудийг уншин судлаад герман орчуулга болоод тайлбарын хамт 1894 онд нийтлуулжээ. Монгол нутгаар аялан судалгаа хийсэн Оросын эрдэмтэн А.М.Позднеев Цогтын угсааны тайж Ядам гэдэг хүнээс Цагаан байшингийн монгол бичээсийг авч, орос орчуулгын хамт 1897 онд нийтлүүлсэн байдаг. Эрдэмтэн Н.Н.Поппе 1926 оны зун Монгол Улсын нутгаар судалгаа хийж явах үедээ Цагаан байшин болон бичээст хөшөөтэй танилцаж, өөрийн тайландаа тэмдэглэсэн байна.

Цагаан байшингийн барилгууд нь 1627-1630 оны хооронд дотоодын ноёдын дайн самуунд олон дахин өртсөнөөс болж дахин сэргээгдэж чадаагүй аж. Энэ орд харшийн дурсгалд 1971 онд улсын хамгаалалтад авчээ.

1930-аад онд Оросын эрдэмтэн Д.Букинич бага сага малтлага судалгаа хийсэн бөгөөд Цагаан байшин нь уран сайхнаар чимэглэсэн сууц ба бурхан шүтээний олон өрөө бүхий барилга байсан нь мэдэгдсэн байна.

Цагаан байшингийн барилгын туурьт 2017 оноос ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн судлаачид “ХVII зууны Монголын хотуудтөслийн хүрээнд өргөн хэмжээний малтлага судалгааг 2 жил дараалан явуулж олдвор илрүүлэн олжээ.

Соёлын сайд С.Чулуун:

- Цагаан байшингийн туурийг түүхийн байдлаар нь хамгаалж, хажуу талд нь шинээр уг байшинг загвараар нь барьж, музей байгуулан соёлын аялал жуулчлал хөгжүүлэх зорилготой байна. Цогт тайж бол яруу найрагч, соён гэгээрүүлэгч, бичгийн хүн байсан. Цагаан байшингийн археологийн малтлагыг хийхэд бичиг, соёлын олон ховор олдвор олдсон гэлээ. Уг байшинг Баяннуур сумын иргэн Ч.Түвдэндамба өөрийн санаачилгаар харж хамгаалдаг аж. Түүний эцэг Чойдор гэдэг хүн Цогтын цагаан байшинг хамгаалж байжээ.

          Ерөнхий сайд У.Хүрэлсүх Баяннуур сумын нутагт байдаг Бор булан, Шар талын хадлангийн талбайг сэргээн босгох ажлын төсөлтэй танилцлаа.


          - Жилдээ 7000 га талбайгаас долоон аймгийн хадлангийн нөөцийг бэлтгэх боломжтой төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Архангай, Өвөрхангай, Дундговь, Баянхонгор зэрэг аймгийн мал аж ахуйд шаардлагатай өвсийг Баяннуур сумын нутгаас бэлтгэх боломжтой. 1980-аад оны үед тэжээлийн аж ахуй байгуулж, мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой өсгөх бодлого барьж байсан. Түүнийг сэргээн хадлангийн тогтмол ургац авах талбайг хамгаалах бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр орон нутагт ажлын байр нэмэгдэнэ. Хадлан, өвсний үнэ буурна. Өрхийн орлого нэмэгдэнэ. Нийтдээ 11,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ гэж УИХ-ын гишүүн Ц.Анандбазар ярилаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт ажиллахдаа эртний хот суурин туурь, түүхийн дурсгалт газрыг үзсэний зэрэгцээ мал аж ахуйн үйлдвэрлэлд тулгамдаж байгаа бэлчээрийн төлөв байдлыг нөхөн сэргээх, мал сүргийн өвс тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж байгаа төслийн ажил, үр дүнтэй танилцлаа.

Холбоотой мэдээ