“Их хуралдай цогцолбор”-ыг Биндэр суманд бүтээн босгож байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-09-17 16:14:02

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт сүүлийн хэдэн жилд хийгээгүй томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байгаа хэдий ч цахим ертөнцөд сэтгэгдлүүд тун ч таагүй байна. Хэнтий аймагт 2018 онд 58.3 тэрбум, 2019 онд 84.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийж байсан бол 2020 онд 130 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийж эхлээд байна.


Дадал, Батноров, Норовлин, Дэлгэрхаан, Биндэр, Бэрх суманд нийт зургаан цогцолборыг байгуулахаар бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Монгол Улсад хамгийн их угалз, сийлбэртэй бүтээн байгуулалт болох “Их хуралдай цогцолбор”-ыг Биндэр суманд барьж байна. 1206 онд Монгол Төрийн “Их Хуралдай” ямар орд өргөөнд хуралдсан талаар түүхчдээр судлуулсны үндсэн дээр уг цогцолборын зураг төслийг гаргажээ. Нийт 125 га газрыг хамруулан байгаль орчны унаган төрхийг тодотгосон уг цогцолборын гол өргөө нь 21 метрийн өндөртэй, 300 хүний багтаамжтай, мөнгөлөг цагаан ордон байх аж. Бид Биндэр суманд томилолтоор ажиллах үеэрээ энэхүү сайхан бүтээн байгуулалттай танилцаж, иргэдийн санал сэтгэгдлийн талаар тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзан, санаа, бодлыг нь сонслоо.


Төлөөлөгч Баатарсүхийн Насанжаргал:

Их Монгол Улс гал голомтоо бадраасан сайхан нутагт маань томоохон цогцолбор, түүхэн бүтээн байгуулалтыг барьж эхлээд байна. Одоогоор дуусаагүй байгаа учраас ингэж янз бүрээр ярих нь зохимжгүй. Түүхэн аялал жуулчлалын бүс нутагт бүтээн байгуулалт зайлшгүй хэрэгтэй. Бүтээн байгуулалтууд ашиглалтад ороод ирэхээр дотоод, гадаадын аялагчдын тоо нэмэгдэнэ. Өнгөрсөн жилээс манай сумыг зорьж байгаа аялагч жуулчдын урсгал нэмэгдсэн. Тиймээс дуусаагүй байгаа бүтээн байгуулалтыг ярих биш, ашиглалтад орсны дараагаар аялагч жуулчдын урсгал нэмэгдэхэд бид бэлтгэлтэй байх хэрэгтэй. Биндэр сумын хувьд аялал жуулчлал хөгжих бүрэн боломжтой. Аялал жуулчлалын урсгал нэмэгдэхийн хэрээр худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүс өрхийн хэмжээний үйлдвэрлэлээсээ гарч цех, тасаг, үйлдвэрийн хэмжээнд хүрч хөгжин, үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэн, өргөтгөх шаардлагатай байна.



Төлөөлөгч Цэрэндоржийн Дэмбэрэлсайхан:

Намайг сурагч байхад багш нар манай сум Их Хуралдайн нутаг, үүнтэй холбоотойгоор бүтээн байгуулалт хийх ёстой, жуулчид их ирнэ гээд ярьдаг байсан. Эзэнт гүрний тулгын чулуу тавьсан түүхэн газрыг эрдэмтэд сурвалжлан олж, 1994 онд Монгол Улсын Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуай энд хөшөө байгуулсан байдаг. УИХ-ын гишүүд их зүтгэл гаргасны хүчинд энэ сайхан бүтээн байгуулалт сүндэрлэж байна. Монголд хамгийн их сийлбэртэй, ур ухаан шаардсан бүтээн байгуулалт босож байна. Гэтэл хүмүүс дуусаагүй байхад ингэж ярьж, бичиж байгаа нь зохимжгүй юм. Нутаг орондоо босгож байгаа энэ том бүтээн байгуулалт, аялал жуулчлалын бүс нутгийн хувьд Биндэрийнхэн бид их зүйл бэлдэх хэрэгтэй байна. Аялал жуулчлал хөгжихөд иргэн бүрийн оролцоо чухал. Сум, орон нутгийн удирдлагууд төсвөөс хөрөнгө гарган нийтийн эзэмшлийн зам талбайг ногооруулах, цэгцлэх, цэвэрлэх, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн эзэмшлийн газраа өнгө үзэмжтэй, ногоон байгууламжтай болгохын төлөө хөдөлмөрлөж, нэг нэгнээсээ суралцах хэрэгтэй.

Биндэр сумыг цэгцтэй, цэвэрхэн, сайхан ногоон байгууламжтай болгоход гол ус, ой мод гээд бүхий л орчин нөхцөл бидэнд байна. Сумынхаа хөгжлийн төлөө хүн бүрийн сэтгэл, хичээл зүтгэл, гар бие оролцох ажил гэж бодож байна. Мөн суманд ирсэн аялагч жуулчид юу үзэж, яахаа мэдэхгүй байна. Нутаг орныхоо түүх, брэнд бүтээгдэхүүний худалдаа болон аяллын маршрутыг мэддэг хөтчүүдийг сайн бэлдэх хэрэгтэй. Биндэр суманд аялж байгаа хүн бүрийн хэрэгжүүлэх журам шаардлагатай байна. Тийм журамгүйгээс ой мод, гол усны эрэг тохойгоор замбараагүй буудаллах, байгаль орчинд сөрөг байдлаар хогоо хаях зэргээр иргэд дураараа аялж байна. Барьж байгаа бүтээн байгуулалтыг ярихын оронд эх орныхоо хаана ч аялсан дэг журамтай байж, түүх сурвалжийг таньж мэдэн, байгалийн сайхныг биширч, үр хүүхэддээ үлгэр дууриалтай, сайхан аялж сурах хэрэгтэй санагддаг.

Холбоотой мэдээ