БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский Өвөрхангай аймагт ажиллаж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-09-15 12:04:01

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд тус улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский Өвөрхангай аймагт ажиллаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар аймгийн удирдлагуудтай санал солилцлоо.

Аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Засаг даргын орлогч И.Доржсүрэн нар “Өвөрхангайд үйлдвэрлэв” зорилтот жилийн тухайд танилцуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээг хамтын ажиллагааныхаа гол салбар нь байлгах талаар хүсэлтээ илэрхийллээ. Мөн хөдөө аж, эрүүл мэнд, аялал жуулчлал, соёлын салбарт хамтран ажиллах боломж байгааг хэлж, зарим нэг тулгамдсан асуудлаа танилцуулсан юм.  

Ноён Ийржи Бродскийн зүгээс хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх, орон нутгийн нисэх буудлын шинэчлэлтийг хийх, мах, сүүний боловсруулах үйлдвэр барих, усны аж ахуйг хөгжүүлэх талаар санал тавьж байлаа. Тус улсын Засгийн газраас Хөгжлийн хамтын ажиллагааны тусламжийн хүрээнд орон нутгийн жижиг төслийн санал хүлээн авч байгааг уулзалтын үеэр тодотгон хэлж, үүнд  Өвөрхангай аймгийн төр, төрийн бус байгууллагаас оролцох боломжтойг дуулгалаа.

Тэрбээр хоёр жилийн өмнө Хархорин суманд ирж байсан. Өвөрхангай аймаг сүүлийн хоёр жилд эрчимтэй хөгжиж, олон бүтээн байгуулалтыг өрнүүлсэн байна гэв. Ийржи Бродский аймагт ажиллах үеэрээ "Өвөрхангайд үйлдвэрлэв" төв, "Өв Эко Мийт" мах боловсруулах үйлдвэр болон БОЭТ-ийн үйл ажиллагаа, аймгийн бүтээн байгуулалттай танилцах юм.

Холбоотой мэдээ