Хуванцар хог хаягдлыг шахаж жижиглэх төхөөрөмж хүлээлгэн өгөв

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-09-14 15:32:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас хог хаягдлыг шахаж, жижиглэн савлах (преслэх) төхөөрөмжийг өнөөдөр 21 аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өглөө. 

БНХАУ-д үйлдвэрлэсэн уг төхөөрөмж нь цагт 300-500 кг хог хаягдлыг 60 тонны даралтаар шахах хүчин чадалтайг нийлүүлэгч "Сан Оргиу" ХХК-ийн захирал О.Пүрэвдорж танилцуулж, БОАЖ-ын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Д.Сарангэрэл уг төхөөрөмжийг хэрэглэх зааврын хамт аймгуудын Байгаль орчны газрын дарга нар, тусгай хамгаалалттай газрын удирдлагуудад Байгаль орчны судалгаа шинжилгээний төвд гардуулж өглөө. 


Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар жилд 3.4 сая тонн хог хаягдал гарч байна. Үүнээс 1.2 сая тонн нь нийслэлд төвлөрч байна. Нийт гарч буй хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог хаягдал эзэлж байгаа аж. Ийм хэмжээний хог хаягдлыг одоо жижигрүүлэх болж буй нь хогийг ангилан ялгаруулж дахин боловсруулах эхний алхам болж буйг БОАЖ-ын сайд онцоллоо. 


Тэрээр хэлэхдээ, "Шил, лааз, лонх, ундааны төрөл бүрийн сав, гялгар уут зэрэг хуванцар хог хаягдал нь байгальд устдаггүй, 200-400 жил оршдог хор уршигтай нь судалгаагаар тогтоогдсон зүйл. Ийм хог хаягдлыг преслэх болж буй нь нэгд, хог хаягдлыг байгаль орчиндоо хаягдалгүй түүвэрлэж, ангилан ялгахаас гадна овор хэмжээг багасгаж, тээвэрлэхэд хялбар болж байгаа ач холбогдолтой юм. Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2040 оны мөрийн хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах талаар онцгойлон тусгаж заасан. Үүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа ийнхүү эхэлж байна" гэсэн юм. 




Ийм төхөөрөмжийг оруулж ирж хэрэглэх санаа анх хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж буй "Сан Оргиу" ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэлтэйг захирал О.Пүрэвдорж тодотгож байв. Тэрээр, "Манайх 2005 оноос хуванцар хог хаягдлыг дахин боловсруулж гудамж талбайн сандал, траншейны таг зэрэг хийх болсон. Энэ явцад түүхий эдээ цуглуулахад том овортой хогийг байн байн тээвэрлэх зэрэг хүндрэлийг тооцон үзээд преслэх тоног төхөөрөмж цаг хэмнэж, ажил хөнгөвчлөхөд хэрэгтэй, илүү давуу талтай юм байна гэдэг үүднээс урд хөршөөс оруулж ирсэн" гэв. 


"Нэг ийм төхөөрөмж нь 14 сая төгрөгийн өртөгтэй. Цаас, цаасан хайрцаг, лааз, цахилгаан эдлэлийн хаягдал зэрэг хог хаягдлыг хүссэн хэмжээгээр дарж нягтруулах хүчин чадалтай. Хогийг дахин боловсруулахад ангилахаас гадна жижигрүүлж, боловсруулах үйл ажиллагааг илүү хөнгөлж бэлдэж өгч байгаа юм. Хогийг нягтруулж даран жижигрүүлсний дараа заавал зориулалтын гэхгүй, тээврийн ямар ч хэрэгслээр тээвэрлэх боломжтой. Ачаа тээврийн ямар ч хэрэгслийн ачих даацын хэмжээгээр шахах хүчин чадалтай төхөөрөмж юм" гэдгийг хэлж байв.  

Манай улсад өнөөдрийн байдлаар дотооддоо хуванцар хог хаягдал дахин боловсруулж бүтээгдэхүүн гаргаж буй 2, хуванцар хог хаягдлыг боловруулан БНХАУ руу гаргаж буй 4 үйлдвэр ажиллаж байна. 




Гэрэл зургийг Б.Чадраабал


Холбоотой мэдээ