Сум дундын ойн ангийн үйл ажиллагаатай танилцлаа

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-09-21 18:01:39

Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын тэргүүний “Биндэр-Ой” сум дундын ойн ангийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус ойн анги нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Дадал, Баян-Адарга, Норовлин, Биндэр сумын 502768 га талбайн ойн санг хариуцан хамгаалж, ойжуулалт, ашиглалтад хяналт тавин, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Мөн жилд 250-350 га талбайд ойн үйлдвэрлэлийн огтлолт, арчилгаа цэвэрлэгээний огтлолт, нөхөрлөлийн цэвэрлэгээний ажлын талбай тусгаарлалтын ажлыг хийдэг. Түүнчлэн улиралд 2-3 удаа сумдын үнэт цаас, эрхийн бичиг хариуцсан байгаль хамгаалагч нарын үнэт цаасны олголтод хяналт тавьж, тухайн сумын Засаг дарга нартай хамтран санал солилцон ажилладаг байна.

Улсад гуравхан байдаг, 1965 онд байгуулсан Боргоцой цехийг “Биндэр ой” СДОА хариуцдаг. Цахилгаанаар ажиллаж байх үед өдөрт 1 тн боргоцойг цайруулалт хийх хүчин чадалтай ч одоогийн байдлаар гар ажиллагаагаар 24 цагт 100 кг боргоцойг цайруулан гарган авч байна. Мөн шинэсний үрийг 8 дугаар сарын 25-наас эхлэн доргиох аргаар, нарсны үрийг 11 дүгээр сараас дараа оны 3 дугаар сарын 22 хүртэлх хугацаанд түүж 4 дүгээр сарын сүүлч хүртэл боргоцойг цайруулах ажлыг хийдэг.

Шалз, Цагаан нуга, Янгийн ар зэрэг газарт 12 га бойжуулах, 18 га талбай Мод үржүүлгийн газарт шилмүүст модыг үрээр тарьж ургуулан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор навчит мод, жимс жимсгэнэ, бут сөөгийг модлог мөчрөөр үржүүлж байна. Шалзын мод үржүүлгийн 5 га талбайд 40 см-ээс 1м өндөртэй нарсны тарьц 200000, 40 см-ээс 1,3 м өндөртэй шинэсний тарьц 50000, 2-3 настай нарсны тарьц 150000 ширхэг ургаж байна.

Түүнчлэн 7 төрлийн 13,5 кг үр тарьж, хаврын тарилт хийхэд шаардлагатай навчит ба жимсний модны мөчир 400 ширхэгийг бэлтгэж, хайлаас, монос, шар хуайсны үр түүж, үрийн нөөцөд бэлтгэжээ. Хот суурин газрын цэцэрлэгжүүлэлтэд зориулан 12 нэр төрлийн 6000 орчим суулгацыг хавар, намрын улиралд үзэсгэлэн худалдаагаар борлуулж байна. Биндэр сумыг ногоон байгууламжтай болгох зорилгоор засмал замын хажуугаар улиас, шар хуайс, нарс зэрэг нийт 195 модыг тарьж хашаалан, Хэрлэн, Өмнөдэлгэр, Дадал, Баян-Адарга, Биндэр, Цэнхэрмандал суманд  нийлүүлсэн байна.

2019 онд Биндэр суманд 6802 га, Баян-Адарга суманд 1559 га талбайд, Дадал сумын 1624 га талбайд сибирийн хүр эрвээхэй болон якобсоны төөлүүрч эрвээхэйн судалгаа мониторинг хийж, нийт 7200 га талбайд утаат багажаар устгалын ажлыг хийсэн байна. 2020 онд Биндэр сумын ойн санд хийсэн судалгаагаар 4000 га талбайд якобсоны төөлүүрч эрвээхэйн голомт илэрснээс Улсын төсвийн хөрөнгөөр 2500 га, өөрийн хөрөнгөөр 1500 га талбайд хортон устгалын ажлыг хийжээ. Мөн сумын идэвхтэй ажил хайж байгаа иргэд, сургуулийн ахлах ангийн хүүхдүүдийн дундын санг бүрдүүлэх зорилгоор хавар, намрын улиралд 30-40 иргэнийг түр ажлын байраар хангадаг ажээ.

“Биндэр-Ой” сум дундын ойн анги нь 1924 онд Хан Хэнтий уулын аймгийн харьяа зүүн талын нутгийн ой, ан амьтны баялгийг хайрлан хамгаалж ашиглалтад нь хяналт тавих зорилгоор “Ульхан харуул” гэдэг газар “Ойн түрээс хураах анги” нэртэйгээр байгуулсан түүхтэй. Мөн Улсын тэргүүний ойжуулагч байгууллага, Сумын оны шилдэг байгууллага, Улсын тэргүүний ойн анги, Урлаг соёлын шилдэг байгууллагаар шалгарч байсан ногоон ертөнцийг бүтээгч санаачилгатай, хөдөлмөрч, авьяаслаг хамт олон юм.


Ой мод нь хуурай газрын бүх амьтан ургамлын 80 хувийн амьдрах орчин болдог. Түүнчлэн хөрс, усыг тогтвортой байлгаж, агаарын бохирдлыг бууруулан, цэвэрлэх байгууламжийн үүргийг гүйцэтгэдэг. Тиймээс байгаль орчин, хүн амьтан, ургамлын амьдралын хамгийн чухал хэрэгцээ, үнэ цэнтэй баялаг нь хөрс, ус, ой юм. Эдгээр баялгийг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх, ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад ой ангиудын үйл ажиллагаа чиглэгддэг.

Холбоотой мэдээ