Говьд ургуулсан артишок, улаан лооль дэлгэжээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2020-09-17 12:44:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд-2020” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд өчигдөр эхэллээ. 

Энэ жил “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” уриатайгаар 15 дахь жилдээ болж буй үзэсгэлэн худалдааг ХХААХҮЯ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монголын хүнсчдийн холбоо хамтран зохион байгуулж байна.  

Шинэ ургацын дээжийг нийслэлийн хэрэглэгчдэд шууд хүргэж буй үзэсгэлэн худалдаанд нийслэл хот, 21 аймгаас нийт 200 ногоочид, мөн үндэсний үйлдвэрлэгч 70 гаруй ААН шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ дэлгэжээ. Энд аймаг, орон нутгийнхан өөрсдийн тарьж ургуулсан ногооны дээж болон хүнсний шилдэг, онцлог бүтээгдэхүүнтэй оролцож байна.

Энэ онд Монгол Улсад Хүнсний аж үйлдвэр үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож буйг нээлтийн үеэр онцолж байлаа. Ойг тохиолдуулан үндэсний үйлдвэрлэгчдийн бараа, бүтээгдэхүүнийг сурталчлан танилцуулж, борлуулалтыг дэмжиж байгааг албаныхан хэлж байв. Мөн аймаг, орон нутгийн хүнсний ногоочдын борлуулалтыг дэмжиж нийслэлд 30 гаруй цэгт хүнсний ногооны худалдааг явуулж байна гэв. 


ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь үзэсгэлэн худалдааг нээж хэлэхдээ, “Хүн амын хүнсний хангамжийг тогтворжуулах, аюулгүй байдлыг хангахад анхаарч, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, хэрэгцээт хүнсээ дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, экспортыг дэмжих зорилтыг дэвшүүлсэн"-ийг онцлоод энэ хүрээнд олон үйл ажиллагаа шат дараатайгаар хэрэгжүүлж байна” гэв. 


Үзэсгэлэн худалдаанд оролцож буй Дундговь аймгийн Сайнцагаан сумын IX багийн ногоочин Д.Сумьяатай уулзвал, "Манай ногоочдын нөхөрлөл өрхийн үйлдвэрлэлээс бүрддэг. Жил бүр зохиодог энэ үзэсгэлэн худалдаанд 10 дахь жилдээ оролцож, байгалийн цэвэр бүтээгдэхүүн дарсан хүмүүл ногоогоо дэлгэж байна" гэв. Тэрээр, хүмүүл, таана, халгай зэрэг ургамлыг түүж цэвэрлэн хатааж, байгалийн бор давс нүдэж дардаг байна. Эднийхэн говийн хөрсөнд артишок ургамлыг тарьж 3 га газарт нутагшуулж байгаагаа мөн танилцуулж байв. 


Өмнөговь аймгийн Булган сумынхан япон үрээр тарьсан шар сортын хүрэн, улаан зэрэг янз бүрийн өнгөтэй улаан лооль дэлгэжээ. Хүрэн лооль нь төмрийн найрлага өндөртэй бол шар нь С витамины найрлага ихтэй байдаг аж. Төрөл бүрийн найрлага бүхий эдгээр улаан лоолийг анх Баянхонгор аймгийн Эхийн голд судалгааны шугамаар тарьж байгаад Өмнөговь аймгийн Булган суманд нутагшуулжээ. Тус суманд 30 гаруй айл улаан лооль тарьж, нэг өрх дунджаар 2 тонныг хураан авч нийслэл Улаанбаатар хотод нийлүүлж худалддаг байна. 


Үзэсгэлэн худалдаанд мөн Дорнод аймгийн Халхгол сумын "Барс тал" ХХК-ийн нөхөрлөл 10 гаруй төрлийн бүтээгдэхүүнтэй оролцож байна. Эднийх сумандаа 100 орчим бүл зөгийг үржүүлж байгаа аж. Байгалийн цэвэр бүтээгдэхүүн, олон жил гарган авч буй Халх голын зөгийн бал нь дотрын өвчин, ходоод гэдэсний үрэвсэлд нэн сайн байдаг.

Өчигдөр нээсэн "Намрын ногоон өдрүүд-2020" үзэсгэлэн худалдаа "Мишээл Экспо" төвд 5 өдөр буюу энэ сарын 21-нийг хүртэл үргэлжлэх юм.





Гэрэл зургуудыг Т.Чимгээ


Холбоотой мэдээ