Ч.Амгалан: Урд бүсийн сумынхан өвс худалдан авч өвөлжилтийн бэлтгэлээ базаана

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-09-17 16:33:02

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ч.Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

         

- Малын тоо толгойг бэлчээр, тэжээлийн нөөцөд тохируулан зохицуулах шаардлага байгаа талаар мэргэжилтнүүд ярьж байна. Зах зээлд хэдий хэмжээний мал нийлүүлэх бол?

- 2020-2021 оны өвөл 16 сум, нэг тосгонд нийтдээ 3,5 сая өвөлжүүлнэ гэж тооцож байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 4,3 сая мал тоолуулсан. Төрлөөр нь авч үзвэл тэмээ 2,0, адуу 287,0, үхэр 318,0 мянга, хонь 2,3, ямаа 1,4 сая байна. Энэ жил 1,6 сая мал төллөхөөс 1,2 сая хээлтэгч төллөж гарсан төлийн 93.5 хувь бойжиж байна. Нийтдээ нэг сая 38,5 мянган төл авлаа. Өнгөрсөн жил 1,1 сая төл бойжуулж байсан. Шинэ төлөөр сүргээ өсгөсөн тооны эр сувай малыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Энэ жилийн хувьд малын тоог бууруулах, зах зээлийн эргэлтэд оруулах бодлогыг баримталж байна. ХХААХҮЯ болон хэд хэдэн махны үйлдвэрүүдэд саналаа хүргүүлээд байна.

Манай аймаг энэ жил 700-800 мянган бог мал зах зээлд нийлүүлнэ. Мөн 450 гаруй мянган толгой бод малыг борлуулна гэсэн урьдчилсан тооцоо гаргаад байгаа. Үүний 60 хувийг зах зээлд, үлдэх 40 хувийг дотоодын хүнсэнд хэрэглэнэ.


- Ойрын өдрүүдэд хангайн уулархаг нутгаар цас орж, хүйтний ам наашилж байгаагийн дохио өглөө. Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах ажил хэрхэн өрнөж байна вэ?


- Аймгийн ИТХ-аас мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг хангах төлөвлөгөө баталсан. Төлөвлөгөөг энэ оны 5-р сард сумдад хүргүүлээд хэд хэдэн ажил зохион байгуулаад ажиллаж байна. Одоогоор хадлан бэлтгэх ажил жигдэрсэн. Хойд бүсийн найман сум хадлангийн 50-60 хувийг аваад байна. Урд бүсийн Рашаант, Гурванбулаг, Дашинчилэн, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай сум өвс худалдан авч бэлтгэлээ хангана. Баяннуур сум өөрсдийн дотоод нөөц боломжоор Бор булан гэдэг газраа хаддаг. Мөн бэлтгэсэн өвсөө борлуулан урд бүсийн сумыг хангадаг байсан. Энэ жилийн хувьд тухайн нутагт хадлан бэлтгэх ажил нэлээн төвөгтэй байна. Хадлангийн талбай усанд автсан. Ийм учраас Бор булангаас өвс хадах боломжгүй байна.

Урд бүсийн хадлан бэлтгэх боломжгүй сумын өвөлжилтийн бэлтгэл хангах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхээр Сэлэнгэ, Хангал, Хутаг-Өндөр сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Цагааннуур зэрэг сумын хадлан бэлтгэж байгаа аж ахуйн нэгжүүдтэй холбоо тогтоож өвс бэлтгэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна. Баяннуур суманд 11-р сар гарч байж гол, ус хөлдсөн үед бага хэмжээний шар өвс хадах боломж гарах байх. Тэр үед малчид бага хэмжээний өвс авах байх гэсэн тооцоо байна.


- Энэ жилийн бэлтгэх хадлангийн хэмжээ нэлээд нэмэгдсэн байна. Өмнөх жилүүдэд аймгийн нөөцөд өвс бэлтгэж авдаг байсан. Энэ жилийн хувьд нөөц бүрдүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?


- Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 19 дүгээр тогтоолоор улсын хэмжээнд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэхгүйгээр аймгуудад өвс тэжээлийн нөөцийг бий болгохоор шийдвэрлэсэн. Тиймээс манай аймаг 770 тонн өвс аймгийн нөөцөд бэлтгэх учиртай. Мөн 150 тонн тэжээл нөөцөлнө. Сумд 100 тонн өвс, 40 тонн тэжээл бэлтгэнэ. Нийтдээ аймгийн хэмжээгээр 1600 тонн өвс, 640 тонн тэжээл бэлтгэх чиглэл гараад байгаа. Үүний дагуу аймгийн Онцгой комисс хуралдаад албан даалгавар гаргаад сумдад хүргүүлсэн. Нийтдээ аймгийн хэмжээнд өвс тэжээлийн аюулгүйн нөөцөд 2370 өвс, 790 тонн тэжээл бэлтгэх болж байгаа. Малчдын хувьд 111,2 мянган тонн өвс бэлтгэх тооцоо гарсан.

Манай аймаг жил бүр орон нутгийн хөгжлийн сангаас 50,0 сая төгрөг шийдвэрлэж, тухайн жилийнхээ нөөцийн 300 тонн өвс бэлтгэж авдаг байсан. Энэ жилийн хувьд 770 тонн өвс бэлтгэх болсон учир санхүүгийн хувьд хүндрэл үүсч байна. Гэхдээ өвс бэлтгэсэн аж ахуйн нэгжтэй гэрээ хийх байдлаар нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Аймгийн хэмжээнд хадлан бэлтгэх ажилд трактор 168, хадуур тармуур 76, хаман боогч 37 ажиллаж байна. Мөн бага оврын трактор, хадуур, тармуур 1136, хүн хүч 4700 гаруй ажиллаж байгаа. Одоогийн байдлаар Тэшиг сум бэлтгэх хадлангийнхаа 90 орчим хувийг авсан мэдээтэй байна. 

Холбоотой мэдээ