Эмэгтэйчүүд өглөөний уулзалт хийв

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-09-18 12:33:01

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооноос “Танд амжилт хүсье” өглөөний уулзалт хэлэлцүүлгийг анх удаа зохион байгууллаа. Уг уулзалтад аймаг, сумын ИТХ-д нэр дэвших гэж буй эмэгтэйчүүд оролцсон юм. Учир нь аймгийн нийт хүн амын 51-ээс дээш хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн дуу хоолойг төрд төлөөлж суух эмэгтэй  төлөөлөгчдийн үүрэг оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлж, үр дүнтэй болгох талаар хэлэлцсэн нь өглөөний уулзалтын гол ач холбогдол байлаа.

Оролцогчид аймаг, орон нутгийн хэмжээнд охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлыг хөндсөн. Ингэхдээ гэр бүлийн хүчирхийлэл, хавтгайрсан халамжаас үүдэлтэй ажилгүйдэл, ядуурал, эмэгтэйчүүдийн дундах архидалт зэрэг нь тулгамдаж буй гол асуудал гэдэгтэй санал нэгдэж байсан юм. Мэдээж энэ нь ганц аймаг бус, улс орон даяар олны анхаарал татсан сэдэв болсон. Гэхдээ үүнийг эхний ээлжинд орон нутгийн түвшинд шийдвэрлэх гарцыг хайж олохын тулд төрд суугаа эмэгтэйчүүд идэвх санаачилгатай байж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх ёстой. Үүнтэй ч тэд санал нэгдэж, төлөөлөгчөөр сонгогчдсон эмэгтэйчүүд нам эвсэл үл харгалзан хамтран ажиллахаа илэрхийлэв.


Өглөөний уулзалтын талаар зохион байгуулагч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч Х.Наранцэцэг хэлэхдээ, эмэгтэйчүүд бид эдийн засаг, нийгэм, улс төр, гэр бүлдээ адил боломж эдлэх, бүх түвшинд ажил хөдөлмөр эрхлэх, удирдах, шийдвэр гаргах түвшинд эрэгтэй, эмэгтэйчүүд эн тэнцүү оролцох боломжлоор хангагдах ёстой. Тиймээс хамгийн гол нь эрэгтэй эмэгтэй хүмүүс болон нийгмийн бүлгүүдийн ялгаатай хэрэгцээг судлан бодлого төлөвлөлтөд тусгах, төсөв хөрөнгийг зохистой хуваарилах, цаашлаад охид, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс ангид байлгаж, эдийн засаг, нийгэм, соёлын болон гэр бүлийн харилцаанд тэнцүү оролцоотой болгоход хувь нэмэрээ оруулахыг аймаг, сумдын ИТХ-д горилогч эмэгтэйчүүдээсээ хүсэж байна. Эмэгтэйчүүдийг төрд олуулаа болоосой ч гэж хүсэж байна. Ер нь бидний яриад байгаагаас гадна охид, эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй маш олон асуудал бий. Үүнд анхаарах, тэдний дуу хоолой болох хүмүүсийг эртнээс мэдээллээр хангаж, цаашид хэрхэх ёстой вэ гэдгийг ойлгуулах нь чухал байгаа учир энэхүү уулзалтаа хийсэн. Маш олон санал санаачилгууд ч гарлаа. Энэ бүхнийг эмэгтэйчүүдийн холбоо төрд гарсан эмэгтэйчүүдтэйгээ хамтран хэрэгжүүлэхийн төлөө хичээх болно гэлээ.

Дан эмэгтэйчүүд оролцсон өглөөний уулзалт нь тус аймагт анх удаа болсон бөгөөд үүнд 30 орчим эмэгтэй оролцсон юм. 

Холбоотой мэдээ