“1800-0119” эрүүл мэндийн дуудлагын нэгдсэн төв ажиллаж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-09-18 08:02:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар энэ сарын 1-нээс “1800-0119” дуудлагын төв буюу цаг бүртгэлийн нэгдсэн систем туршилтын журмаар ажиллаж байна.

 

Иргэд эмчид үзүүлэх цаг, дугаар авахын тулд өглөө 05:00 цагаас эхлэн эмнэлгийн гадна дугаарлан зогсдог, мөн тухайн өдрийн цаг авч чадаагүй болон хоцорсон иргэн маргааш нь ахин ирдэг гэх мэт хүлээгдэл, чирэгдлийг арилгахаар ийнхүү тус төвийг ашиглалтад оруулжээ.

 

Өнөөдрийн байдлаар, иргэдээс нийт 7200 гаруй дуудлага хүлээн авчээ. Дуудлагын төвд хандсан нийт иргэдийн 90.6 хувь нь шаардлагатай тусламж, үйлчилгээгээ авч чадсан байна.

 

“1800-0119” төвд эхний ээлжинд лавлагаа шатлалын есөн эмнэлгээс гадна нийслэлийн есөн дүүргийн нэгдсэн эмнэлгүүд холбогджээ. Ирэх 10 дугаар сард багтаан хөдөө орон нутгийн 21 аймгийн нэгдсэн эмнэлгийг холбохоор ажиллаж буй аж.

 

Цаг авах нэгдсэн системтэй болсноор эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд хүлээгдэл, чирэгдэлгүй үзүүлэх боломж бүрдэж, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.


Холбоотой мэдээ