Улаанбуудайн хэрэгцээг дотоодоос бүрэн хангана

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-09-18 09:56:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ургац хураалтын явцтай танилцлаа. Энэ жил улсын хэмжээнд  394.6 мянган га-д үр тариа, үүнээс 364  мянган га-д улаанбуудай, 18.6 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 61.1 мянган га-д тосны, 52.7 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийсэн.


Урьдчилсан балансаар 513.3 мянган тонн үр тариа, үүнээс 487.6 мянган тонн буудай, 237 мянган тонн төмс, 113.6 мянган тонн хүнсний ногоо, 32.8 мянган тонн  тосны ургамал, 109.4 мянган тонн малын тэжээлийн ургамал хураан авах төлөв гарчээ. Ингэснээр улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрдэж байгаа юм. 


Ургацын урьдчилсан төлвийг өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулбал хураан авах улаанбуудай 80 мянган тонноор, төмс 46.2 мянган тонноор, хүнсний ногоо 19 мянган тонноор өссөн үзүүлэлттэй байна.


Энэ сарын 15-ны  байдлаар 6.1 мянган га-г ангилан хадаж нийтдээ 3.6 мянган га-гаас 3.9 мянган тонн үр тариа, үүнээс 2.3 мянган тонн улаанбуудай,  2.6 мянган га-гаас 35.2 мянган тонн төмс, 2.1 мянган га-гаас 24.7 мянган тонн хүнсний ногоо хураан авсан. Үр тарианы хураалт 0.9, хүнсний ногооных 22.2, төмснийх  14.3 хувьтай байна.


Ургац хураалтад нийтдээ 1020 ширхэг комбайн, үүний 300 нь дэвшилтэт технологид суурилсан 2-6 жил ашиглаж байгаа өндөр хүчин чадлын комбайн байгаа бол төмс хураах комбайн 70 ширхэг, төмс ухагч 410 ширхэг, үр тариа цэвэрлэх, ялгах, ачих зориулалттай 678 ширхэг техник, тоног төхөөрөмж бэлэн болсон. Ингэснээр ургацыг 20-25 хоногт багтаан хураах боломжтой гэж тооцжээ. Түүнчлэн ОХУ-аас үр тариа хураах 30 комбайн, Беларусь Улсаас төмс хураах зориулалттай  50 трактор, 30 төмс ухагч, 3 төмсний комбайныг  ойрын хугацаанд авчирах юм байна. 


Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тонн багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 146 мянган тоннын элеваторт ариутгал, засвар үйлчилгээ хийж буудай хүлээн авахад болжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Холбоотой мэдээ