Тогтвортой төсвөөр эрүүл мэндийг хамгаалахыг чухалчилж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-18 12:03:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" цар тахлын нөхцөлд эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэхийн тулд тасралтгүй байдлаар тогтвортой төсвийн хөрөнгө оруулалт хийх нь эргээд улс орны эдийн засгийн өсөлт хөгжлийг дэмжих орчныг бүрдүүлнэ гэж ДЭМБ-ын зөвлөмжид дурджээ. 

Энэ талаар ДЭМБ-ын Номхон далайн баруун болон Зүүн Өмнөд Азийн бүс, Японы Засгийн газар, АХБ зэрэг олон улсын байгууллагуудын хамтарсан “Ази, Номхон далайн бүс нутагт Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг өргөжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнийн үеэр дурдлаа. 



ДЭМБ-ын Бүсийн зөвлөгөөн Эрүүл мэнд, сангийн сайд нар оролцсон өндөр түвшинд боллоо.


Энэ сарын 14 болон 17-нд цахимаар болсон олон улсын өндөр түвшний тус зөвлөгөөнд бүсийн улс орнуудын Эрүүл мэндийн болон Сангийн сайд нар оролцсон юм. Манай улсаас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны холбогдох ажилтнууд, мөн ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица, холбогдох ажилтнуудын хамт оролцлоо.

Зөвлөгөөнөөр бүс нутагт шинэ коронавирусний халдвартай тэмцэх, тархалтыг хязгаарлах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа эрүүл мэндийн үйл ажиллагаа болон төсвийн дэмжлэг, хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

ДЭМБ болон АХБ, зөвлөгөөнд оролцогч улс орнуудын Засгийн газрын төлөөлөл цар тахалтай тэмцэх хүчин чармайлтаа нэгтгэж хамтран ажиллах замаар хамтын үр дүнд хүрэхийг онцолж байв.


Холбоотой мэдээ