Хятадад коронавирусний 11 вакцины эмнэлзүйн туршилтыг явуулж байна

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2020-09-18 14:36:44

БЭЭЖИН. /TASS/. Одоогийн байдлаар БНХАУ-д коронавирусний 11 вакцины эмнэлзүйн туршилтыг явуулж байна. Эдгээрээс дөрвөн вакцины эмнэлзүйн туршилтын гуравдугаар үе шат хэдийнэ эхэлсэн болохыг тус улсын Шинжлэх ухаан, технологийн сайд Ван Жиган Бээжин хотноо болсон Шинжлэх ухаан, эрүүл мэндийн форумын үеэр мэдэгджээ.


Ван Жиганы хэлснээр, “дэлхийн улс орнуудад халдвар тархсан хэвээр байгаа бөгөөд одоог болтол хяналтдаа бүрэн авч чадаагүй байна”. “Намар, өвлийн улиралд шинэ дэгдэлт гарч болзошгүй байна, өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх салбарын байдал урьдын адил маш ноцтой хэвээр байна” гэж тэрбээр цохон тэмдэглэсэн байна.


БНХАУ-ын сайд мөн коронавирусний цар тахалтай хийж буй тэмцэлд тус улс олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг үргэлж нэгдүгээрт тавьсаар ирсэн бөгөөд нээлттэй, ил тод байдлын зарчмын дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлснийг тэмдэглэв. Түүнчлэн БНХАУ коронавирусний талаарх мэдээллийг ДЭМБ-д цаг тухайд нь дамжуулсан нь дэлхийн эрдэмтдэд судалгаа шинжилгээ хийх, эм бэлдмэл боловсруулах чухал үндэс суурийг тавьсан гэж мэдэгджээ.


Холбоотой мэдээ