Н.Учрал: Эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх санхүүжилт мөнгө угаалт болсон

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-09-18 18:13:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Эрүүл мэндийн яам хамтран "Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2020.09.18) Төрийн ордонд зохион байгууллаа.


Уг хэлэлцүүлэгт эрүүл мэндийн үйлчилгээ эрхлэгч байгууллагууд, технологийн компанийн төлөөлөл оролцож, эрүүл мэндийн салбарт тулгарч буй цахим шилжилтийн асуудлыг хөндөн ярилцсан юм.


Эрүүл мэндийн байгууллагууд цахим үйлчилгээг нэвтрүүлсээр ирсэн ч нэгдмэл зохион байгуулалт дутагдсаар байна. Эмнэлэг бүр өөрсдийн нөөц боломжит тааруулан цахим системийг бие даан нэвтрүүлж байна. Гэвч энэ бүх оролдлого иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгааг шийдэх шаардлага үүссэнийг хэлэлцүүлэгт оролцогчид санал нэгтэй хэлж байна.


Эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэхэд цахим шилжилт зайлшгүй хэрэгцээтэй юм. Тухайлбал, иргэд үзлэг, шинжилгээ өгөхдөө биечлэн очилгүйгээр цахимаар цаг авах, шинжилгээний хариугаа үзэх, эмчтэйгээ цахимаар ярилцах, тухайн иргэн аль ч шатлалын эмнэлэгт очсон өмнөх бүх хугацааны эмнэлгийн үйлчилгээ, эмийн жорын мэдээллийг нэгдсэн байдлаар харах боломжтой болгох зэрэг асуудлыг шийдэх гарц шийдлийг энэхүү хэлэлцүүлгээр хөндлөө.


Хэлэлцүүлэгт “Эрүүл мэндийн салбарын цахим хөгжил”, “Улсын нэгдүгээр төв эмнэлгийн цахим системийн ашиглалт”, “Эрүүл мэндийн даатгал-Цахим үйлчилгээ”, “Дүүргийн нэгдсэн эмнэлэгт ашиглаж буй цахим систем” зэрэг сэдвээр холбогдох байгууллагын мэргэжилтнүүд илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.


УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, “Эрүүл мэндийн цахим шилжилтийг цаг алдалгүй эхлүүлснээр 2023 он гэхэд иргэд бүх шатны эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхдээ дугаарлаж зогсохгүйгээр хуваарийн дагуу очоод шууд үзлэг оношилгоонд хамрагддаг болно. Эрүүл мэндийн салбарт цахим шилжилт хийх санхүүжилт, төсөл хөтөлбөрүүд нь ямар ч үр дүнгүй, мөнгө угаалт болоод дууссан. Эдгээр асуудлыг тал талаас нь нухацтай ярьж, шийдвэрлэх ёстой. Иймд Инновац, цахим бодлогын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн ахалж байгаа” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.


Эрүүл мэндийн салбарын тогтолцоог сайжруулж, ард иргэддээ чирэгдэлгүй, шуурхай үйлчлэхийн тулд цахим системийг нэвтрүүлэх ажил өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд эмнэлгүүдийн цаг авалтын системийг цэгцэлж, нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил эхэлсэн. Ирэх жилээс эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжих тул бүх эмнэлэг e-health программ дээр эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж зэрэг бүх мэдээллээ оруулж, нэгдсэн байдлаар бүртгэлжүүлж эхэлнэ. Ингэснээр бид датад үндэслэн урьдчилан арга хэмжээ авах, санхүүгээ зөв зарцуулах тогтолцоо бий болно. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбартай холбоотой бүх талын мэдээллийг эмнэлгийн удирдлагууд цаг алдалгүй цахимаар авдаг болно гэдгийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлэлцүүлгийн үеэр танилцуулсан юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ