Алтай хот халаалт дулаанаар хэзээ хангагдах нь тодорхойгүй байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-09-20 17:24:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн өвөлжилтийн төв суурингийн бэлтгэл хангах ажлыг хэсгийн хоёрдугаар хуралдаан боллоо.


Хуралдаанд Засаг даргын орлогч Я.Эрхэмбаяр, дэд бүтцийн байгууллага болох “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК, “Ундарга-Алтай” ОНӨААТҮГ, “Мандал голомт” ХХК-ийн төлөөллүүд, холбогдох албаныхны хамтаар оролцсон юм. Мөн үеэр тус аймгийн төвийн албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхийн цахилгаан эрчим хүч, ус, дулааны өнөөгийн байдал, түүнд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцов. 

Тус аймгийн төв Алтай хотын албан байгууллага, айл өрхүүд Засгийн газрын шийдвэрээр есдүгээр сарын 15-ны өдрөөс халаалт дулаанаа авах байсан боловч өнөөдрийг болтол өгч эхлээгүй байна. Энэ нь түүнийг хариуцагч “Мандал голомт” ХХК болон дэд бүтцийн бусад байгууллагын хоорондын өр авлагаас шалтгаалж буйг хурлын үеэр танилцуулсан юм. Тодруулбал, “Мандал голомт” ХХК нь “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” ТӨХК-д 385 сая төгрөг, “Ундарга-Алтай” ХХК-нд 123 сая төгрөгийн өртэй учир ийнхүү дулаан түгээх “Мандал голомт” ХХК-ийг цахилгаан эрчим хүч болон, усаар хангах боломжгүйд хүрсэн байна. “Мандал голомт” ХХК нь үүгээр ч зогсохгүй татварт 120 гаруй сая төгрөгийн өртэй гэдгийг холбогдох албанаас нь мэдээлэв. Тиймээс нийт 600 гаруй сая төгрөгийн өр төлбөрийг барагдуулсны дараа тус ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн болно гэдгийг мөн танилцуулсан юм.

Тус компани нь жилд улсын төсвөөс 6 орчим тэрбум төгрөгийг халаалтын зардалд авдаг учир дээрх өр төлбөрийн асуудлаа “Мандал-Алтай” группийн хэмжээнд хэлэлцэж шийдвэрлэхийг орон нутгийн удирдлагууд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Баатарцэрэнд уламжиллаа. Ийнхүү хүйтэн сэрүүнтэй золгож буй энэ цагт Алтай хот халаалт дулаанаар хэзээ хангагдаж эхлэх нь Б.Баатарцэрэн захирлаас хамаарах л үлдлээ гэдгийг холбогдох албанаас мэдээлэв.


Холбоотой мэдээ