“Хөвсгөл аймгийн 99 гайхамшиг” номын нээлт боллоо

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-09-20 18:10:09

Хөвсгөл  /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн хөтөч хөтөлбөрийн хүрээнд "Хөвсгөл аймгийн 99 гайхамшиг" номыг бүтээж өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус ном нь Хөвсгөл аймгийн байгаль, түүх соёлын дурсгалт 99 гайхамшигт газар, аймгийн болон улсын хэмжээнд зохион байгуулдаг наадам, үйл ажиллагааны мэдээллийг монгол, англи хэлээр туурвижээ. Мөн байгалийн үзэсгэлэнт газар, буган чулуу, хүн чулуу, хадны зураг, түүхэн газар, гол, мөрөн нуур, ан амьтан, ургамал, мод, зургаан ястны ахуй амьдралыг харуулсан эд өлгийн зүйлсийн зураг, мэдээлэл багтсан байна.

Номын нэгдүгээр бүлэгт Хөвсгөл аймгийн танилцуулга, хоёрдугаар бүлэгт аймгийн онцлог бүхий байгалийн үзэсгэлэнт газар, түүх соёлын дурсгалууд, ховор ан амьтан, ургамлууд, гуравдугаар бүлэгт аялал жуулчлалын үйл ажиллагааны танилцуулга оржээ. Түүх соёл, зан заншил уламжлалаа баримтжуулан хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаагаараа чухал түүхэн ач холбогдолтой  ном болсон байна гэдгийг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Д.Сүрэнжав нээлтийн үеэр онцолж байлаа.

Тус номыг Монгол Улсын гавьяат багш П.Лхагвасүрэн, БСУГ-ын мэргэжилтэн Х.Баасансүрэн, Улаан тайгын тусгай хамгаалалттай газрын дарга Ж.Төмөрсүх нар хамтран бүтээсэн байна. Өсвөр үеийнхэнд орон нутгаа таньж мэдэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх  зорилгоор "Хөх сувд" хөлөгт тоглоомын хамт бүтээжээ.


 


Холбоотой мэдээ