Тавин хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орлоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-09-19 11:25:28

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёрдугаар багт АНУ-ын 436000 ам долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалтаар тавдугаар цэцэрлэгийн өргөтгөл 50 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орлоо. Тус цэцэрлэгийн барилгыг  “Монголиан Пропертиэс” ХХК гүйцэтгэж есдүгээр сарын 18-нд орон нутагт хүлээлгэн өгсөн юм.

Тавдугаар  цэцэрлэг 70 хүүхдийн багтаамжтай хэдий ч ачаалал нь хэтэрч 120 гаруй хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа аж. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор шинээр хоёр бүлэг нэмэгдэж тус багийн хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломж буй боллоо гэж V цэцэрлэгийн эрхлэгч М.Мөнгөнсаран мэдээлэв.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр, АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески, АНУ-ын Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филипп Лүү болон бусад холбогдох албаны төлөөлөл оролцсон юм.

Хүүхдийн хөгжих, хүмүүжих тав тухтай орчин, анги тохижилтод зориулж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар хоёр сая төгрөгийн тоглоом гардуулав.



Холбоотой мэдээ