Арабын нэгдсэн Эмират Улсын санхүүжилтээр шинэ цэцэрлэг ашиглалтад оров

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-09-19 11:43:50

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр багт 100 хүүхэд хүлээн авч сургах хүчин чадалтай цэцэрлэг ашиглалтад орлоо.

Аймгийн ЗДТГ болон Монгол дахь Арабын нэгдсэн Эмират Улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд  дээрх цэцэрлэгийн санхүүжилтийг тус улсаас бүрэн даажээ. Барилга угсралтын ажлыг "АТТА ЧР" ХХК гүйцэтгэж энэ оны есдүгээр сарын 18-нд ашиглалтад хүлээлгэн өгсөн юм.

Сумын нэгдүгээр багийн Данзанваанчиг-17, Аюушийн тав, зургадугаар хэсэгт сургуулийн өмнөх боловсролын хүртээмж бага төдийгүй энэ хэсгийн хүүхдүүд холоос цэцэрлэгт явдаг аж.

Тиймээс шинэ цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар сургуулийн өмнөх боловсролын хамрагдалт нэмэгдэж хүүхдийн эрүүл аюулгүй, таатай нөхцөлд сурч хүмүүжих болон багш нар стандартад нийцсэн тав тухтай орчинд ажлаа хийх боломж бүрдсэн байна.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Арабын нэгдсэн Эмират Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрдэнэцэцэг, Сайншанд сумын Засаг дарга С.Одбаяр болон бусад зочид төлөөлөгч, иргэд оролцлоо.

Холбоотой мэдээ