“Үндэсний номын баяр-2020” орон даяар нэгэн зэрэг эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
ariunbold@montsame.mn
2020-09-19 13:18:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Номын соёлт ертөнц” ТББ-ын санаачилгаар 28 дахь удаагаа зохион байгуулж буй “Үндэсний номын баяр-2020”-ын нээлт  “Хязгаар үгүй-НОМ-сэтгэлгээний эрх чөлөө” уриан дор өнөөдөр 11.00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэллээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Номын баярын өдөр тэмдэглэх” тухай 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болон зохиож байгаа номын баярыг энэ жил УИХ-ын даргын ивээл дор Монгол орон даяар 18 хоногийн турш өргөн дэлгэр тэмдэглэхээрээ онцлогтой.


“Үндэсний номын баяр”-ын нээлтийн үеэр Соёлын сайд С.Чулуун, “Үндэсний номын сангийн 11 давхар шинэ байр энэ онд багтаж ашиглалтад орно гэсэн сайхан мэдээгээр энэхүү баярыг нээж байна. Ном бол оюуны шим шүүс. Ном уншдаг, бүтээдэг хүмүүс энэ шим шүүсийг хүртдэг тавилантай. Тиймээс анх “Номын соёлт ертөнц” ТББ-аас номын баярыг анх санаачилхад нь дэмжиж байлаа. Өнөөдөр номын баярт Монголын утга зохиолын түүчээ болсон мэргэд, ном хэвлэдэг бүхий л байгууллага оролцож байгаад баяртай байна. Эрдэмтэн мэргэд та бүхэнтэйгээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын өдрөөр шинэ номын сангийн нээлтийн үеэр уулзах ерөөл өргөе” хэмээв.


Ном бол ертөнцийг харах цонх. Дэлхий нийтэд жилд дунджаар 2 сая гаруй “цонх” бүтээдэг гэсэн судалгаа байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар нээлтэд оролцох үедээ онцоллоо.


Тэрбээр, “Монголчууд бичиг соёл бол нэн эртний түүхтэй. Нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний хаад хөрш орнуудын хаадтай захидал солилцдог байсан тухай баримт бий. Хүннү гүрний үеийн булшнаас бийр янтай зэрэг олдсон нь үүнийг нотолдог. Энэ гайхамшигт өвийг тээж, уламжлан хөгжүүлэх нь төрийн нэн чухал үүрэг юм. Тиймээс УИХ-ын гишүүд “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-тэй болох хуулийн төслийг өргөн барьсан. Үүнийг УИХ-ын намрын ээлжит чуулганаар батлахаар төлөвлөж байна. 2025 оноос босоо монгол бичиг төрийн албан ёсны бичиг болно. Энэ ажлыг эрчимжүүлэхэд ч дээрх хууль нөлөөлнө. Улаанбаатар хотыг дэлхийн номын нийслэл болгох зорилт тавин ажиллаж байгаа “Номын соёлт ертөнц” ТББ-ынхандаа талархал илэрхийлье. Энэ жил цар тахлын улмаас дэлхий нийтийн зохиолчид оролцож чадсангүй. Ирэх жил бүх монгол туургатны зохиолчдоос эхлээд өргөн дэлгэр оролцоно гэдэгт итгэж байна” гэлээ.


УИХ-ын дарга Г.Занданшатар ном шимтэн уншигчид болоод зохиолч, найрагчдаа дэмжих, урамшуулах зорилгоор “Мэргэн ном” цом бүтээсэн бөгөөд шилдэг уншигчаар н.Энэрэл, онцлох номын зохиолчоор Л.Төрбурам, “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан нарт гардуулав. Мөн Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Тангадын Галсан, Пунцагийн Бадарч, Б.Догмид нарын найман ахмад зохиолчид хүндэтгэл илэрхийлж, гарын бэлэг гардууллаа.


Энэ үеэр Ардын уран зохиолч, Соёлын гавъяат зүтгэлтэн Тангадын Галсан, “Монголын ард түмэн номыг ухааны хөвч болгож, үр хүүхдэдээ өв болгож байдаг. Хорвоод хоёр нар бий. Тэнгэрт байгаа нар бол хорвоог, хүнийг гаднаас нь гэрэлтүүлж, дулаалдаг. Хүний бүтээсэн ном гэх нар хүнийг зүрхнээс нь, тархинаас нь, дотроос нь гэрэлтүүлж байдаг буянтай. Монгол Улсын нийслэлийг дэлхийн номын төв болгох төрийн бодлогод талархаж байна” хэмээв.


“Үндэсний номын баяр-2020”-ын нээлтийн дараа УИХ-ын дарга Г.Занданшатар болон зохион байгуулагчид Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн асарт саатан, тус агентлагийн сэтгүүлчдийн бүтээлтэй танилцав.


Номын баярт тус агентлагийнхан жил бүр бүтээл туурвилаараа оролцдог уламжлалтай бөгөөд англи, орос, хятад, япон хэлээр гардаг сониноо уншигч олонд танилцуулж байна. Мөн уншигчдын дунд эрэлттэй байдаг "Аав бид хоёр" номоороо МОНЦАМЭ агентлагийн дарга, СГЗ, сэтгүүлч Б.Ганчимэг оролцож байна. Мөн тус агентлагийн Дотоод мэдээллийн албаны Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Хандмаа “Монгол соёлын амин хэлхээ”, спортын сэтгүүлч Д.Өлзийсайхан “Индонезийн тэнгэрт Монголынхоо далбааг мандуулсан тамирчид, “Хүмүүн бичиг" сонины Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Элбэгзаяа "Нөхөн сонгууль" бүтээлээ дэлгэжээ.


“Үндэсний номын баяр-2020”-ын ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл урлагийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газар, Үндэсний болон хотын төв номын сан, “Номын ертөнц” клуб, МЗЭ, Хүүхдийн төв номын сан, их дээд болон ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, хэвлэлийн газрууд, Мэдээлийн түнш, дэмжигч байгууллагаар Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, Үндэсний цахим И-Сан, Монгол костюмс төв, Хатун төв, Язгуур контент ХХК, Юнител, МСS групп ажиллаж байна.


Энэ жилийн номын баяраар бүх нийтийн ном уншлагыг идэвхжүүлэх зорилгоор “Ном бид-2” ном уншлагын нийтийн хөдөлгөөнийг “Уншигчийн сэтгэгдэл”, “Гэр бүл-ном”, “Багшийн эрдэм шавьд”, “Зохиолчийн хүүрнэл” зэрэг төрлөөр сонирхолтой уралдааныг цахим орчинд өрнүүлэх юм.


Үндэсний номын баярыг Мөн Улсын болон орон нутгийн онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас гаргасан коронавируст халдвараас сэргийлэх шийдвэр, журам, зөвлөмжийн дагуу хүмүүсийг нэг дор олноор төвлөрөл үүсгэхгүй байх, иргэдэд ном, хэвлэлийн худалдаа үйлчилгээг ойртуулах зорилгоор нийслэлийн 9 дүүрэгт номын үзэсгэлэн, худалдааг “Танай дүүрэгт-Таны дэргэд” уриан дор тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.


Номын баярт жил бүр 30-40 мянган уншигч, 100 гаруй хэвлэн нийтлэгч, 300-гаад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч оролцдог. Хэдий эдийн засгийн хямралтай, хөл хориотой байгаа ч энэ жил илүү өргөн болж байгааг зохион байгуулагчид хэлж байна.

Холбоотой мэдээ