Туслах малчны амьдралын нөхцөл байдалтай танилцлаа

Орон нутагт | Сүхбаатар
odonchimeg@montsame.mn
2020-09-20 17:16:19

Сүхбаатар /МОНЦАМЭ/. “Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн багийнхан Баяндэлгэр суманд ажиллаж, ажил олгогч малчин, туслах малчдын нөхцөл байдалтай биечлэн танилцан, тэдний санал хүсэлтийг сонслоо.

Мөн Баяндэлгэр сумын Засаг дарга болон дэмжих бүлгийн төлөөлөлтэй уулзаж, төслийг хэрхэн хамтарч, амжилттай хэрэгжүүлэх талаар хэлэлцэв.

Баяндэлгэр бол Сүхбаатар аймгийн хамгийн олон малтай, хамгийн олон малчинтай сум. Сумын хэмжээнд нийт 60 орчим туслах малчин өрх байдаг. Мөн тус суманд 120 гаруй мянгат малчин бий. Тэд зарим нь туслах малчинтай, зарим нь байхгүй. Энэ нь нөгөө л зарим ажил олгогч малчид хөдөлмөрийн гэрээгээ хэрэгжүүлдэггүй, хөлс мөнгөө тогтмол өгдөггүй бүр аман хэлбэрээр гэрээ хийж, түүнийгээ биелүүлдэггүй зэрэг шалтгаанаар туслах малчнаар ажиллах хүмүүсийн сонирхол, тоо эрс буурсан тухай сумын Засаг дарга Л.Аваадорж ярилаа.

Харин туслах малчнаар хоёр жил ажилласан Б ярихдаа, манайх хөдөлмөрийн гэрээг хоёр жилээр байгуулсан ч сүүлийн жил ажил олгогчид гэрээгээ бүрэн хэрэгжүүлээгүй. Нөгөө талаар энэ гэрээний хэрэгжилтэд төрийн зүгээс ямар ч хяналт тавьдаггүй. Уг нь төрийг төлөөлж ХХҮГ гэрээ байгуулалцсан ч үүнд дорвитой ач холбогдол өгдөггүй. Ажил олгогч малчны зүгээс эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төлдөг болохоор түүндээ болоод шууд больчихож чаддаггүй тухайгаа хэлсэн юм. Харин ажил олгогч малчин гэрээнийхээ үүргийг биелүүлдэг, харин төрийн зүгээс тавих хараа хяналт сул, эргэх холбоо байдаггүйг шүүмжилж байлаа.


Энэ бүх нөхцөл байдалтай биечлэн танилцсан Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, элчин зөвлөх Марко Фэрри хэлэхдээ, Сүхбаатар аймаг тэр дундаа Баяндэлгэр сумыг анх удаа зорин ирсэндээ баяртай байна. Төслийн зорилтот бүлгийнхээ тодорхой хэсэгтэй уулзаж ярилцлаа, саналыг нь ч сонслоо. Тэд бидэнд хэрэг болох маш олон мэдээллийг өгч чадлаа. Үнэхээр туслах малчдын асуудлыг анхааралдаа авах, төрийн бодлого шийдвэрт тэдэнтэй холбогдох асуудлуудыг тусгах шаардлага бий болсон байна. Хоёр жилийн хугацаанд ийм төрлийн мониторинг судалгааг илүү их хийж, тодорхой нарийн дүгнэлтүүдийг гаргаж шийдвэр гаргах түвшинд уламжлах болно гэдгийг хэлсэн юм. 

Улсын хэмжээнд 285.5 мянган малчдын 5.3 хувь буюу 15,2 мянга нь туслах малчин байна гэсэн судалгаа гарчээ. Дээрх төсөл нь Монгол Улсын дөрвөн аймгийн 12 суманд хэрэгжих юм.

 

 

Холбоотой мэдээ