Ургац тээвэрлэлтийн гол авто замыг ирэх жил хатуу хучилттай болгоно

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-09-20 17:20:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төслийн ажлын явцтай танилцлаа.

Дээрх чиглэлийн зам нь улсын болоод Сэлэнгэ аймгийн хувьд ургац тээвэрлэлтийн гол ач холбогдолтой авто зам. Иймээс Сэлэнгэ аймгийн удирдлага болон тариаланчдын зүгээс үе үеийн Засгийн газарт хандан энэхүү замыг хатуу хучилттай болгож өгөх хүсэлтийг удаа дараа тавьсаар ирсэн байдаг.

Харин Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд "Улаанбаатар-Алтанбулаг" чиглэлийн олон улсын авто замаас Шаамар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн 112 км автозам барих талаар тусгагдсан аж. Иймд тус замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болж, концесс эзэмшигчээс авто замыг 2021 онд барьж дуусган, хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2022-2025 онд авахаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 2019 оны 239 дугаар тогтоолоор баталсан ажээ. Үүний дагуу "Дархан-Сэлэнгийн авто -замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замын төсөл"-ийн барих, шилжүүлэх төслийг "Монгол ЛЗ зам гүүр" ХХК гүйцэтгэхээр болсон байна.

Төслийн авто замыг Сэлэнгэ аймгийн Шаамар, Цагааннуур, Зүүнбүрэн, Түшиг сумдын нутаг дэвсгэрт барих юм. Төлөвлөж буй зам нь Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн авто замын 302 дахь км-ийн орчмоос эхэлж, Шаамар сумын урд төмөр замтай хоёр түвшинд огтлолцон Орхон голын одоо байгаа гүүр, Зүүнбүрэн сумын хойд талаар дайран, Сэлэнгэ мөрний салааны гүүр, Бүдүүний гүүрээр гарч, Цагааннуур сумын урдуур гаран Нарийны Даваагаар давж, Түшиг сумын хойд талаас баруун гар тийш эргэн Монгол Улс, ОХУ-ын хилийн Зэлтэрийн боомт руу хүрч дуусах ажээ.

Төлөвлөж буй замын нийт урт 120.85км юм. Мөн энэхүү авто замын зураг төсөл 2010 онд батлагдаж байсан нь одоогийн зарим стандарт, шаардлагуудыг хангахгүй байсан тул энэ онд шинэчлэн боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулжээ. Энэхүү төслийн ажил энэ оны 4 дүгээр сард эхлэх байсан ч "Ковид-19" цар тахлын улмаас гадаадын инженер, техникийн ажиллах хүч орж ирж чадаагүй тул ажил графикт хугацаандаа эхэлж амжаагүй байна. Гэсэн хэдий ч авто зам барилгын ажлыг дотоодын аж ахуй нэгжээр гүйцэтгүүлэх чиглэлийг үндэсний хөгжлийн газраас өгчээ. Тус замын зорчих зурвасын өргөн 7 метр, хөдөлгөөний зурвасын хучилтын өргөн 7 метр, хөвөөний өргөн 2 метр байх аж. Автозамын ажлыг зураг төслийн дагуу 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө ашиглалтад оруулах аж. Төслийн авто замын зөвлөхийн хяналтын компаниар Эм си пи си Жи ар, хязгааргүй хөдөлгөөн ХХК-ийн түншлэл ажиллаж байна.


 

Холбоотой мэдээ