Г.Дэлгэрсуурь: Монголдоо хамгийн том алим, чавганы талбайг бий болгоно

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-09-21 14:07:19

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Батсүмбэр суманд арван төрлийн алим, чавга нутагшуулахаар тариалж буй агрономич Г.Дэлгэрсуурьтай ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ургац арвин уу, Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Ургац арвин сайхан жил болж байна. Намайг Гэрлийн Дэлгэрсуурь гэдэг. Би Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат. 2009 онд ХААИС-ийг агрономич мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Батсүмбэр суманд ирж “Гангар Инвест” ХХК-ийн охин компани болох “Поливит” ХХК-ийн агрономичоор ажиллаж эхэлсэн. Өдгөө 10 гаруй жил энэ нутагт ажиллаж амьдарч байна.

-Мэргэжил бүхэн сайхан шүү дээ. Таны хувьд мэргэжлээ хэрхэн сонгож байв, Мэргэжлийнхээ сайхан талаас онцлон дурдвал?

-Намайг арван жилийн сургуулиа төгсөж байхад говьд усалгаатай газар тариалан хөгжинө гэж яригдаж байсан үе. Говьд дулааны нийлбэр өндөртэй, газар тариалан эрхлэх боломжтой бөгөөд тэр тусмаа Сайншанд сум цэнгэг усны нөөц сайтай газар. Тэр үеэс их сургуулиа төгсөж ирээд нутагтаа усалгаатай газар тариаланг эрхэлнэ гэсэн бодлоор мэргэжлээ анх сонгож байлаа. Их сургуулиа төгсөх үед Батсүмбэрт ажлын санал ирсэн. Энэ газрыг сонгосон учир  төрийн соёрхолт, гавьяат агрономич Б.Лааган зөвлөхтэй, Монгол Улсын Төрийн соёрхолт гавьяат Б.Сүрэнхор, гавьяат механикжуулагч доктор професир Б.Балган нарын баг бүрэлдэхүүн энд ажиллаж байсан болохоор сурах зүйлээ үргэлжлүүлэн сурч авах хүсэлдээ хөтлөгдөн ирсэн юм. Одоо бодоход энэ сонголт минь хамгийн зөв гэж бодож явдаг. Мэргэжилдээ их хайртай эрүүл агаарт, цэвэрхэн сайхан ажил шүү дээ. Өглөө эрт босоод талбай руугаа гарах гэж яардаг. Хавар бол битүү цагаан цэцгэн дунд орж ирнэ. Жимс бүр өөр өөрийн онцлогоос хамаарч цэцэглэх нь хүртэл өөр. Ялангуяа жимс ургаад гараад ирэхээр өглөө бүр шинэ зүйл үзнэ. Жишээлбэл алимны мод том цагаан, ягаан цэцэгтэй байхад чавганых жижиг цэцэгтэй. Мөн өглөө зургаан цагт ажилдаа гараад хамт олонтойгоо ажиллах сайхан.

-Танай компани ямар ямар төрлийн суулгац тариалж байгаа вэ?

-Одоогоор нийт талбайгаа хэсэгчлэн хуваагаад тус бүр өөр өөр зүйл тариалж байна. Баруун хойд жигүүрт бойжуулгын талбай байгаа. Энд жилдээ 50-60 мянган чацарганы суулгац үйлдвэрлэдэг. Ингэж үйлдвэрлэсэн суулгацаа улсад нийлүүлэхээс гадна Өвөрхангай аймгийн Хархорин суманд 650 га талбайд чацаргана тариалсан. Одоо 50 га талбайтай суулгац үржүүлгийн хүлэмж, таван хүлэмжтэй, хиймэл нуур бүхий услалтын бүрэн байгууламжтай. 2007 оноос анх эхэлж 60-70 мянган суулгац үржүүлээд төрөл бүрийн жимс, гоёлын модны суулгац үржүүлээд зах зээлд гаргаж байна. Мөн ажилчдын хоол хүнсэнд зориулж таван хүлэмжид нарийн ногоо болох өргөст хэмх, яншуй, бууцай, салад байцаа зэргийг тариалж байна. Генфондын талбай буюу нутагшуулах талбайд сорт болгоны цуглуулгууд байгаа. Монголд нутагшсан болон нутагшаагүй, байгалийн зэрлэг чацарганыг нэг дор авчирч тариалаад судалгаа шинжилгээ харьцуулалт хийх зорилготой талбай бий. Мөн ойн зурвасыг улиас, шар хүйс, монос зэрэг модоор байгуулсан байгаа. Манай талбайгаар зочлон ирсэн хүмүүст ойн зурвасыг ингэж байгуулж болох юм байна гэсэн санаа өгөх зорилготой. 2000 оноос 36 га талбайд чацаргана, зургаан га талбайд үхрийн нүд тариалж эхэлсэн. Харин 2014 оноос хойш ОХУ-аас алим болон чавганы 10 төрлийн сорт интоор, бөөрөлзгөнө, гүзээлзгэнэ, далайн хальс, тошлой зэрэг жимсийг тариалахаар  туршиж байна.

-“Поливит” ХХК  хэдэн ажилтантай вэ? Тариалж буй бүтээгдэхүүнүүдээ ямар газруудад нийлүүлдэг вэ?

-“Поливит" ХХК нь 2000 оноос эхлэн Төв аймгийн Батсүмбэрийн дөрөвдүгээр багт чацаргана, үхрийн нүд тариалах суулгац үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоо үндсэн 20 гаруй ажилтантай. Анх талбайгаа байгуулахдаа Увс аймгаас ОХУ-д нутагшсан сортуудыг авчирч тариалж эхэлсэн. Манай компани төрийн соёрхолт, гавьяат агрономич Б.Лааган зөвлөхтэй, Монгол Улсын Төрийн соёрхолт гавъяат механикжуулагч Б.Сүрэнхор, доктор профессор, механикжуулагч Б. Балган нарын баг бүрэлдэхүүн талбайг анх байгуулж байсан. Одоо ч доктор профессор, механикжуулагч Б.Балган гуай ирж зааж зөвлөж өгдөг. Бид чацаргана жимсийг Эдэн, Шар доктор зэрэг компаниудад нийлүүлдэг. Мөн чацарганаа “Гангар Инвест ХХК”-ийн харьяа “Жижи” цэцэрлэгт нийлүүлж хүүхдүүдийг эрүүл эко жимсээр хангах зорилт тавин ажилладаг. Харин бусад жимсний тухайд бол одоогоор “Гангар Инвест ХХК”-ийн оффист худалдаалж байна. Алим, чавганы хувьд маш хурдан борлуулагддаг.

-Нийт хэдэн га газарт алим, чавга тариалсан бэ?

-Чацарганы эх цэцэрлэг 36 га талбай мөр хоорондоо дөрвөн метр, мод хоорондоо хоёр метрийн зайтай. Арван мод тутмын нэг нь эр мод байгаа. Учир нь хавар үрээ хаяж, эм модод нь үр жимсээ өгдөг. Алимны арван төрлийн сорт дотроо том, бэсрэг, давжаа гэсэн төрөл бий. Чавганы арван төрлийн сорт дотроо улаан, хөх, шар, хар төрлийн өнгөтэй. Сортоосоо хамаараад  чавга  15-25 гр жинтэй. Давжаа алим 15-25 гр, бэсрэг алим 60-80гр, шар сортын алим 110 гр, том алим 150-200 гр болдог. Интоор нэг төрлийн хар өнгөтэй байгаа.

-Ид ургац хураалтын ажил өрнөж байгаа энэ үед ургацаа хурааж дөхөж байна уу?

-Ургац хураалтын үеэр хүн хүч олдоггүй нэг бэрхшээлтэй үе бий. Энэ жилийн тухайд нутгийн иргэд болон үндсэн ажилчидтайгаа нийлээд 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй ургац хураалт есдүгээр сарын нэгнээс эхлээд өнөөдрийн байдлаар 14 орчим тонн чацаргана хураасан байна. Хүн хүчний асуудал их байгаа болохоор өдөрт нэг тонн чацаргана хурааж байна. Энэ жилийн хувьд алим,чавга, интоор, бөөрөлзгөнө зэрэг жимснээс тонн ургац авсан байгаа. Чацарганы тухайд есдүгээр сард хэсэг хурааж байгаад аравдугаар сард цаг агаар дулаан байвал нялцгар байдалтай болдог болохоор хураах боломжгүй болдог. Тиймээс аравдугаар сар гаргаад ахин хураах ажил эхэлнэ. Харин өвөл эрт хүйтэрвэл ургац арвин авна.

-Одоогоор жимсээ нутагшуулах ажил хэр амжилттай байгаа вэ?

-Монгол оронд нутагшаагүй шинээр оруулж ирсэн учир одоо нутагшуулах судалгааны ажил ид өрнөж  байна. Учир нь алим, чавганы хувьд Монгол орны нөхцөл байдалд өвөлдөө хэвтүүлж хучуулж байгаа. Өвлийн хуурай сэрүүн нөхцөлд хатах эсвэл хөлддөг арчилгаа ихтэй. Авчирсан сортууд бүгд л үр жимсээ өгөөд эхэлсэн байгаа нь үр дүнтэй амжилттай явж байгаа. Одоогоор бид ургац арвинтай, өвчин хортонт тэсвэртэй, хадгалалт сайн дааж байгаа жимсийг нь онцолж аваад цааш нь үржүүлгээ хийнэ. 2014 оноос хойш алим болон чавганы 500 орчим модыг тариалсан бөгөөд одоо зургаа дахь жилдээ ургуулж байна. Ургацаа хоёр жилийн дараагаас авч эхэлсэн. Эхний хэдэн жил өвөлдөө модоо хөрсөнд нь шороогоор хучдаг байлаа. Өнгөрсөн жилээс нутагшиж эхэлж байгаа болохоор харьцангуй арчилгаа багассан.

-Энд  тариалж байгаа жимснүүдээс хамгийн тэсвэртэй, арчилгаа багатай жимсийг онцолвол?

-Энд ургаж байгаа жимснүүдээс чацаргана арчилгаа бага халуун, хүйтэнд тэсвэртэй, хөрс, цаг агаарын орчин голдоггүй. Хамгийн гол нь усалгааг цаг тухайд нь хийх таналт тайралтаа хийгээд өвчин хортонтой тэмцээд явахад болдог. Га-гаас авах ургацын хэмжээгээр их, хөлдөөж хадгалж болдог. Хүйтрэх тусмаа хураахад амар болдог бөгөөд өөрт нь агуулагдаж байгаа тосны агууламж нэмэгддэг онцлогтой. Чацаргана үр, шүүс, хальсандаа тостой байдаг ховор жимс. Гэхдээ хүмүүс энэ жимсний ач холбогдлыг төдийлэн мэддэггүй санагддаг. Харин том алим, интоор, бөөрөлзгөнө жил бүр хучдаг. Нутагшина гэсэн ойлголт байхгүй арчилгаа ихтэй.

-Энэ хугацаанд шантрах зүйл гарч байв уу?

-Мэдээж байлгүй яахав. Учир нь Монголд нутагшаагүй алим, чавганы шинэ сорт авчраад тариалж байхдаа хоёр дахь жилдээ ихэнх модоо хөлдөөж их шантарч байлаа. Гэхдээ хэдий хучиж тордох арчилгаа зардал ихтэй ч үр шимээ өгөөд ирэхээр үнэхээр сайхан. Манай гэр бүлийн хүнийг М.Энх-Амар гэдэг. Гэр бүлийн хүнтэйгээ цуг ажилладаг байсан болохоор ажил мэргэжлийг минь илүү их ойлгодог. Намайг шантрах үед үргэлж сэтгэлийн дэм өгнө. Болохгүй зүйл дээр тусалж дэмждэг. Мөн ажилчдыг уриалан дуудаж ажлаа хурдан хийж дуусгадаг.

-Жимс, жимсгэний салбарт тулгарч буй ямар бэрхшээл, хүндрэл байна вэ?

-Хамгийн том бэрхшээл нь сорт. Монголын байгаль, цаг уурын нөхцөлд ямар сорт зохицож байгааг туршиж нутагшуулах ажил маш чухал. Өөр нэг анхаарах зүйл бол жимс, жимсгэний салбарт санхүү эдийн засгийн дорвитойхон дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Нөгөө талаар эрх зүйн, орчин бодлогын хувьд бас учир дутагдал байна. Жимсний салбарт ажиллах залуучууд ховор байдаг.

-Тухайлбал, ямар дутагдал байна вэ?

-Хүний нөөцийн асуудал их дутмаг. Тун цөөхөн компани, нөхөрлөл мэргэжлийн агрономичтой. Гэхдээ яг жимсний чиглэлээр мэргэшсэн хүмүүс биш. Мөн зохион байгуулалтын тал дээр анхаарах зүйл бий. Ер нь эдийн засгийн нөөцийг харж хөгжүүлье гэж бодож байгаа бол хоршоо нөхөрлөл, бүлэг, компаниудыг уриад том аж ахуйгаа түлхүү дэмжих хэрэгтэй. Ингэж чадвал тэнд ажлын байр бий болж, цалин хөлсөө баталгаатай авдаг болно. Ажилчид нь ч мэргэшинэ. Мөн бид зөвхөн ил талбайд ургуулдаг жимс, жимсгэнээ л тарина гэдэг ойлголтоосоо салах хэрэгтэй. Халуун дулаан орчин шаарддаг жимсийг хүлэмжид, тусгай хөрсөнд, хонгилд, хөрсгүй орчинд гээд янз бүрээр тариалах боломж байна. Тиймээс энэ салбарт дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэх хэрэгтэй.

-Цаашдын зорилгоосоо хуваалцаач?

-Ер нь эрдэмтдийн гаргасан тооцоогоор 10 га талбайд алим тариалахад жилдээ тэрбум төгрөгний ашигтай ажиллана гэсэн байдаг. Тэгэхээр энэ салбар хөгжих асар их бололцоотой гэж үздэг. Тиймээс модоо нутагшуулж үржүүлэг хийх талбайн хэмжээгээ нэмэгдүүлээд Монголдоо хамгийн том алим, чавганы талбайг бий болгох зорилт тавин ажиллаж байгаа. Мөн цаашлаад суулгац үржүүлэх, сүүлийн үеийн шинэ сортуудыг Монголдоо  тарааж түгээн дэлгэрүүлэх зорилготой.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ