Беларусьт болсон жагсаалын үеэр 200 гаруй хүнийг баривчилжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-09-21 09:32:37

МИНСК. /BBC/. Беларусийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцсэн ээлжит жагсаал тус улсын нийслэл хот болон бусад хотуудад ням гарагт боллоо. Жагсаалын үеэр олон хүн баривчлагдсан байна.


Хүний эрхийн "Весна" төвөөс мэдээлснээр, хууль сахиулагчид нийтдээ 234 хүнийг баривчилсан бөгөөд тэдний 165 нь Минск хотод, 69 нь бусад хотуудад баривчлагдсан байна. Жагсаал мөн Гомель, Могилев, Гродно, Брест хотуудад болжээ.


Минскт жагсагчдыг тараахын тулд усан буу ашигласан бол Брест хотод нулимс асгаруулагч хий хэрэглэсэн байна.


Түүнчлэн Беларусийн харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч A1 операторын мэдээлснээр, Минскт төрийн байгууллагуудын хүсэлтээр гар утасны интернэтийн хурдыг дахин удаашруулсан байна. Харин орон нутгийн цагаар 19 цаг 05 минутад сэргээсэн бөгөөд тэр үед жагсагчдын дийлэнх нь тарсан байжээ.


“Tut.by” цахим хуудсанд мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаанд хэдэн арван мянган хүн оролцсон байна.


Холбоотой мэдээ